ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.Шижир: Т.Доржханд, Б.Чойжилсүрэн хоёрыг огцруулах санал гаргаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 цагийн өмнө

АН-аас эрчим хүчний салбарын авлигажсан асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. энэ үеэр Шадар сайд Т.Доржханд болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүн Ө.Шижир мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өглөө сэрэхэд тоггүй, орой харихад цахилгаангүй. Ийм нөхцөл байдалд бид амьдарч байна. Энэ нь Монголын улс төрчид дандаа ирээдүй цаг дээр асуудлыг ярьж ирснийг нотолж байгаа юм. 2 жилийн дараа сайхан болно, 4 жилийн дараа дэндүү гоё болно, 10 жилийн дараа асар сайхан болно гэдэг худал амлалтууд өгсөөр ирсэн. Монголчууд бид нэг үеэ бодвол хэрсүү болж байгаа учраас худал амлалтад ахиж итгэхгүй байх гэж найдаж байна. Өнөөдрийн эрчим хүчний салбарын байгаа байдал бол дандаа худал ярьж ирсний үр дүн. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байдаг эрчим хүчний аюулгүй байдал өнөөдөр бүрэн алдагдлаа. Цахилгааны үнэ нэмсэнтэй холбогдуулан иргэдэд үүсэж байгаа эдийн засгийн хүндрэлүүд, худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж байгаа зэрэгт манай бүлгийн ажлын албаныхан маш сайн судалгаа хийсэн байгаа. Энэ мэт дүгнэлтээс хамаарч бид улс төрийн дүгнэлт хийх ёстой юм байна гэж ийм шийдвэрт хүрсэн.

Сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд ТЭЦ-3, ТЭЦ-4 дээр гаргасан дэлбэрэлтүүдийн улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдлууд гарсан. Харамсалтай нь, энд хэн ч хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй болсон. Давхардуулсан чиг үүрэг нь хяналт, хариуцлагыг сулруулж, хэн хариуцаж байгааг мэдэгдэхээ больдог энэ мэт асуудлууд байсаар байнэ. 

Эрчим хүчний үндэсний реформын хороог татан буулгасан нэртэй мөртлөө, Шадар сайдын ажлын албанд Эрчим хүч экспортыг дэмжих нэгж гэж бас нэг бүтэц 11-р сард байгуулагдсан. Нэг салбарыг хэд хэдэн сайд хариуцдаг болоход ирээдүйд үүсэх гэмтэл, аюулгүй байдлын асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй болно.

Тийм учраас миний бие Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг ажлын хариуцлага тооцож, огцруулахыг шаардсан албан бичиг хүргүүлж байна. Энэхүү албан бичигт одоогийн нөхцөл байдал болон Эрчим хүчний аюулгүй байдал хэрхэн алдагдсан тухай маш тодорхой дурдсан. Ерөнхий сайд байнга ажлын хариуцлага ярьдаг, үр дүн шаарддаг гэдгээ чуулган дээр илэрхийлдэг. Одоо хамгийн томоор ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа хэрхэн хариуцлага тооцохыг харъя" гэв.