Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Засгийн газрын урилгаар өнгөрөгч долоо хоногт тус улсад айлчилсан билээ. Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол-Японы төр хувийн хэвшлийн ес дэх удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нартай уулзалт хийсэн юм. Тэгвэл түүний айлчлал Японы хэвлэлийн хуудаснаа хэрхэн бичигдсэнийг орчуулан хүргэж байна.
NHK: Эдийн засгийн харилцаагаа сайжруулахыг хүсэв
Японд айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 13-нд Токио хотноо зохион байгуулагдсан форумд оролцож, илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ Монголын эдийн засаг дахин сэргэж буйг онцолсны зэрэгцээ “Манай улсын хувьд Япон хамгийн чухал түнш” хэмээсэн юм. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээг ашиглан, Японтой эдийн засгийн харилцаагаа илүү сайжруулахыг хүч буйгаа илэрхийллээ. Токиод болсон тус форумыг Японы гадаад худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага болон Монголын Засгийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд Японы компани, аж ахуйн нэгжийн төлөөллүүд зэрэг ойролцоогоор 250 хүн оролцов. Тэгвэл Монголын Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумын үеэр тавьсан илтгэлдээ “Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн жил нэг хувь хүртлээ унаад байсан бол энэ жил зургаан хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. Эдийн засаг дахин сэргэж эхэлсэн” хэмээн онцолсон юм. Мөн “Япон бол манай улсын чухал түнш. Эдүгээ ноолууран бүтээгдэхүүн, байгалийн ашигт малтмал зэргийг экспортолж байгаа ч, цаашдаа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байна” хэмээгээд өнгөрсөн жил Япон, Монголын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу худалдаагаар дамжуулан Японтой эдийн засгийн харилцаагаа сайжруулах бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Харин Японы гадаад худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагын төлөвлөлтийн хэлтсийн хилийн чанад дахь бүс нутгийн стратегийн албаны дарга Накаи Күни “Монгол Улс хөрөнгө оруулалт хийх гадны компаниудыг дэмжихийн зэрэгцээ, эдийн засаг нь ч сайжирч байгаа учраас Япон компаниудын хувьд бизнесийн боломж гэж харж байна” гэлээ.
jiji.com: Хойд Солонгосын эсрэг хоригийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ
Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хоёр улсын Ерөнхий сайд Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгохын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм.
Мөн хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх чиглэлд хоёр улс нягт хамтарч ажиллахаар тохиролцжээ. Энэ уулзалтын дараа тэд уулзалтаар ярилцаж, тохиролцсон асуудлуудыг нэгтгэн хамтарсан мэдэгдэл хийсэн бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Абэ Шинзо “Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээ илүү өргөжинө” хэмээн онцолсон юм. Түүнчлэн, Абэ Шинзо Монголыг Зүүн Азийн Саммит буюу АСЕАН-д нэгтгэхийг дэмжихээ илэрхийлсэн байна.
Nikkei: Байгаль орчны салбарт хамтарна
Ерөнхий сайд Абэ Шинзо Монгол Улсыны Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаж, БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо. Уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий сайд Абэ Шинзо “асуудлыг яаралтай шийдвэрлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлсэн” хэмээв.
БНАСАУ-тай ойр харилцаатай Монгол Улс өнөөдрийг хүртэл хулгайлагдсан япон иргэдийн асуудалд Японтой хамтран ажиллаж иржээ. Харин Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоход НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс шийдвэрлэсэн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, агаарын тээвэр болон байгаль орчны салбарт хамтрахаар болжээ.