ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: УИХ-ын даргыг огцруулах бичигт АН гарын үсэг зурахгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-20

УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын даргыг огцруулах асуудлын талаар мэдээлэл хийж байр, сууриа илэрхийллээ.  АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгуулийг зарлах шаардлагатай гэсэн тогтоолын төслүүдийг боловсруулж, гарын үсэг зурах ажиллагааг эхлүүлсэн. Чуулганы үүдэнд байрлуулсан самбарт өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсгээ зураад байна. УИХ-ын үйл ажиллагаа үнэхээр цааш үргэлжлэх боломжгүй нөхцөл байдалд хүрснийг нийгэм анзаарч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм учраас УИХ яаралтай тарж, энэ хавар ээлжит бус сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. УИХ-д болж байгаа зүйлсийг харахад гишүүдийн бие биендээ итгэх илтгэлцэл үгүй болж, маргах, бие биенийгээ гүтгэн доромжлох асуудал хэрээс хэтэрч байна. Энэ бүх үйлдэл Монгол төрийг үнэлэх үнэлэмжийг бууруулж байгаа юм. Тиймээс бид өнөөдөр хуралдаж, цаашид АН-ын бүлэг ямар байр суурийг баримтлах вэ гэдгээ ярилцлаа. УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, энэ сарын 25-ны өдрөөс мөрдөхөөр болсон. УИХ-ын даргыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байх шиг байна. Гарын үсэг зурахдаа гишүүд өөрсдийнхөө итгэл, үнэмшлээр зурах байх гэж найдаж байгаа. Манай гарын үсэг цуглуулах самбар бол ил тод бөгөөд, ямарч шахалт дарамт, албан тушаалын шантааж байх боломжгүйгээр гарын үсэг цуглуулж байгаа. УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг ч мөн энэ янзаар явах байх гэж найдаж байна. АН-ын бүлэг УИХ-ыг өөрөө тарах ёстой гэсэн нэг л байр суурин дээр бат зогсоно. Тийм учраас дахиад ямар ч үйл ажиллагаанд гарын үсэг зурахгүй. УИХ-ын даргыг огцруулах хуулийн үндэслэл, өргөн барих бичигт гарын үсэг зурах нь МАН-ын гишүүдийн өөрсдийнх нь асуудал гэж үзэж байна. Бүх асуудал хуулийн хүрээнд явах ёстой. УИХ-ын даргыг огцруудах асуудал хуулийн хүрээнд явж байгаа нь зүйтэй гэж харж байна. УИХ-ын даргын хувьд олон нийтийн дэмжлэг үнэхээр муудсан гэдгийг би өмнө нь хэлж байсан. Энэ нь УИХ-ын нэр хүнд унасантай холбоотой. Иргэдээс авсан санал асуулгын 80 гаруй хувь нь УИХ-ыг тар гэж байгаа нь УИХ-ын даргын ч асуудал, УИХ-ын ч асуудал мөн. Үүнийг хаа хаанаа эрүүлээр ойлгох хэрэгтэй. Тиймээс АН-ын бүлэг УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах шаардлагатай гэсэн байр сууриндаа байгаа гэдгээ мэдэгдэе. УИХ хуулийнхаа хугацаагаар бол хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. Нийт 50-иас доошгүй хоногт хуралдах ёстой гэсэн хуулийн заалттай. УИХ-ын даргыг огцруулах ажил сунжрах юм бол АН-ын бүлэг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж энэ асуудлаа цэгцлэх ёстой гэсэн байр суурьтай байна” хэмээн мэдээллээ. Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-УИХ-ын гишүүн Л.Болдын асуудлыг яах вэ. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төсөлд АН-ын гишүүд гарын үсэг зурахгүй гэж ойлгож болох уу?

-АН-ын сүүлийн гарын үсэг бол УИХ-ыг тарах асуудалд гарын үсэг зурсан явдал. Дахиад өөр ямар ч бичиг баримтад гарын үсэг зурахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе. УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийг хүртэл АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Би Л.Болдыг АН-ын квотоос нэр дэвшиж, АН-ын жирийн гишүүдийн дэмжлэгтэйгээр УИХ-ын суудалд суусан гэж ойлгож байгаа. Бие дааж нэр дэвшээгүй гэдгийг дахин дахин хэлж байгаа.