МАН-ын нэр бүхий 27 гишүүн “Итгэлийн зээл” олгох хуулийн төслийг санаачилж байгаа талаар өнгөрсөн даваа гарагт бүлгийн хурлынхаа дараа мэдээлсэн. Аль хэдийнэ бүлгээрээ дэмжсэн гэдгийг ч Д.Тогтохсүрэн дарга хурлын үеэр бахархангуй мэдээлнэ билээ. Удахгүй хуулийн төслөө өргөн бариад, байнгын хороо, УИХ-ын хооронд хэд шидээд баталчих байлгүй дээ, 64 гишүүнтэй “Бүдүүн бүлэг”-ийнхэн. Эрх баригч намынхан 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Итгэлийн зээл” олгохоор тусгасан юм байна. Бүр “Итгэлийн зээл” олгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж амласан учраас 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө оруулсан аж.
Тэд амлалтаа гэнэт санаж, “Итгэлийн зээл” өгөх хууль гаргаж, дээд тал нь 20 хүртэлх сая төгрөгийн барьцаагүй зээл олгохоор ярьж эхэлж буй нь энэ. Жилийн гурван хувийн хүүтэй, барьцаагүйгээр 20 сая төгрөгийн зээл өгнө гэвэл танд сайхан санагдаж байна уу. Арилжааны банкны жилийн 24-30 хувийн хүүний дэргэд гурван хувь бурхны бэлэг шиг сонсогдож байгаа биз. Гэхдээ энэ зээлийг авах боломжтой хүн Монголд бараг л үлдээгүй.
Тэд 2020 оны сонгуулийн шоугаа эхлүүлж, улс орны эдийн засгийг сөхрүүлэхээр “хутга далайж” байна. Энэхүү хуулийг боловсруулах болсон шалтгаан нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих гэж хэлсэн. 2016 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын хүн амын 25 хувь нь буюу 973 мянга нь ядууралд өртөмтгий байна гэж судалгаа гарчээ. Мөн 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа байгаа талаар ч хэллээ. Ярьж байгаагаас нь харахад, ядуу 973 мянган иргэн, 192 мянган өрхөө орлоготой болгох гээд байгаа аж. Юу ч барьцаалахгүй, баахан хүнд 20 хүртэлх сая төгрөг зээлээд, хэсэгтээ л тансаглахыг нь харах гээд ч байх шиг.
Бас болоогүй ээ, эрсдэлийг нь төр даана гэв. Жилдээ 200-300 тэрбум төгрөг “цацна” гэдгээ ч хэллээ. Монгол Улсын Засгийн газарт ийм их мөнгө олдоод, түүнийгээ ямар ч барьцаагүй тараачихлаа гэж бодъё. Дараа нь төлөхгүй бол төр эрсдэлийг нь даах болж байна уу. Яг ийм ойлголтыг иргэдэд өгөх гэж хичээж байна. Гэхдээ энэ худлаа, шоу гэдгийг дахиад хэлье. Урьдчилсан байдлаар яриад байгаа журмынх нь ганц л заалт энэ зээлийг авах хүн бараг олдохгүй гэдгийг батална. “Итгэлийн зээл” авах хүн хугацаа хэтэрсэн зээлгүй, өрх гэрт нь зээлийн муу түүхтэй хүн байхгүй байвал авах боломж үүснэ. Аль нэг банк, санхүүгийн байгууллагад батлан даагчаар ороогүй байх ёстой. Ердөө л энэ хоёр шалгуурыг давах нэн ядуугаас арай дээгүүр ангиллын хүн олдохгүй ээ.
Хувь, хувьсгалын байгууллагад ажиллаж, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэдийн дунд банкнаас зээл аваагүй хүн хэд байгаа вэ. Зээл аваагүй ч хэн нэгнийг батлан даагаагүй хүн гарч ирэх үү. Ийм статистик гаргаж ирээд, тэдэн хүн зээл авах боломжтой байна гээд хэлчих хоншоортой хүн МАН-д байхгүй. Огт зээл аваагүй, хар түүхгүй, батлан даагч хийж байгаагүй хүн гараад ирлээ гэж бодъё. Сүүлийн нэг жилийн хугацаанд өрхийн болон бичил бизнес эрхэлж байсан туршлагатай гэдэг шалгуурыг давах уу. Өрхийн болон бичил бизнес эрхэлж байгаа хүн зээлгүй, батлан даагч болоогүй байх боломжгүй. Бас болоогүй ээ, орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээд батлан даагч болно гэсэн заалтыг журамд оруулна гэдгээ мэдээлсэн. Барьцаагүй зээл биш хэн нэг мөнгөтэй гуравдагч этгээдийг авчирч барьцаалж байж зээл авах болно.
Санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсан байх ёстой гэнэ. Ийм тавхан журмыг давж гараад, “Итгэлийн зээл” авах хүн ядуугийн ангилалд оруулаад байгаа 973 мянган хүн дотор чинь байхгүй, эрх баригчид аа. Ингэж ард түмнийг доромжилдог увайгүй, дорд үзсэн үйлдлээ зогсоо. Барьцаа хөрөнгөгүйгээсээ болоод зээл авч чадахгүй бичил бизнес эрхэлж байгаа иргэдээ дэмжих гээд байгаа бол ЖДҮХС-гийн зээлийн журамдаа “бичил зээл” гэдэг ангилал нэмээд, банкны шалгуураа багасгаад л хэдэн төгрөг зээлчих. Тэгээд л асуудал гүйцлээ.
Түүний оронд бүх ядуу иргэнд 20 хүртэлх сая төгрөгийн зээл өгөх боломжтой юм шиг шоудаж яана вэ. Улстөрчид өмнө нь иргэн бүрт 1-1.5 сая төгрөг өгөх амлалт өгөөд, баахан шоудсан. МАН-ынхан эрх барьж байхдаа Тавантолгойн уурхайгаа Хятадын “Чалко” компанид барьцаанд тавиад, 350 сая ам.доллар зээлж авчраад, “Хүний хөгжил сан” байгуулаад, тараачихсан. Сард 21 мянган төгрөг өгч, монголчуудыг доромжилж байсан нь саяхан. 21 мянган төгрөг аваад баяжсан, бизнесээ босгосон, өрхийн орлогоо нэмэгдүүлэх ажил хийсэн ширхэг ч хүн байхгүй.
Бүр тэр үед ажиллаж байсан Сангийн сайд нь сонгуулийн өмнө тойрогтоо хэдэн зуун мянгаар мөнгө тараасныг мань мартаагүй л байгаа. Харин зээлж авсан 350 сая ам.долларыг нь “Эрдэнэс Таван Толгой” компанийнхан дарж дуусгах гэж үйлээ үзэж, үсээ зулгаасан. Арай гэж өрнөөсөө гарч байж өөд нар харж, ашигтай ажиллаж байна. МАН-ынхны тарьсан нэг балгийг арай гэж арилгаж дуусаад, нар үзэх нь үү гэтэл дахиад л улсын эдийн засгийг шавхайд хутгах оролдлого хийж эхэллээ. Давхар ард иргэдийг хуурч, мэхлэх башир аргаа хэрэгжүүлэх нь. Хэрвээ тэд амласандаа хүрнэ гээд, ичсэн нэрэндээ хэнд ч хамаагүй зээл өгөх боломжтой хууль баталчихвал Монгол Улс 2021 онд элгээрээ мөлхөнө.
Банкны салбар тэр чигтээ ганхана. “Итгэлийн зээл”-ийг “Төрийн банк”-аар дамжуулж өгнө гээд байгаа. Зээл олгохоор улайрч, хүн бүр 20 саяыг авахаар дайрвал “Төрийн банк”-ны чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх нь тодорхой. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар чанаргүй зээл 1.8 их наяд болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж байгаа. Уг нь Монголбанкнаас активын удирдлагын тухай хуулийг боловсруулж, чанаргүй зээлийн асуудлыг шийдэхээр оролдож байгаа. Гэтэл улстөрчид нь чанаргүй зээлийн хэмжээг нэмэх эрсдэл бүхий хууль санаачлах, барьцаагүй зээл олгох талаар ярьж, шоу хийж суух ч гэж дээ. Тэд биднийг тэнэг гэж бодож, “Итгэлийн зээл”-ээр хуурах гэж оролдожээ. 21 мянгаар худалдаж авч байсан саналаа 20 саяар авч болно гэж төлөвлөж. Муйхарлаж зүтгээд, үнэхээр хүмүүст зээл олговол эдийн засгаа “хутгална”. Тэгэхээр ийм хууль гаргахгүй байх нь хамгийн зөв шийдэл.