ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Горимын санал гаргасан минь хууль зөрчөөгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-04

Хуульч Б.Гүнбилэг Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй УИХ-ын шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Тэрбээр тус хоригийг гишүүдийн 66.6 хувь нь хүлээж авахаас татгалзаж байж татгалзах нөхцөл бүрдэх хуультай. Чуулганы хуралдаанаар гишүүдийн 61.4 хувь нь татгалзсанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нөхцөл бүрдсэн. Гэтэл УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хууль зөрчиж горимын санал гаргаж, уг санал хураалтыг хүчингүй болгосон нь Үндсэн хуулийн 31.6 дахь заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

-Хуульч Б.Гүнбилэг татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар цэцэд хандсан. Эхний санал хураалтыг хүчингүй болгох тухай таны гаргасан горимын санал хууль зөрчсөн гэж байгаа юм билээ. Та хууль зөрчсөн үү?

-Ерөнхийлөгчийн хоригийг хоёр долоо хоногийн өмнө УИХ-аар хэлэлцээд, хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Хуулиар санал хураалтад оролцсон гишүүдийн 66 хувь нь хоригийг хүлээж авахаас татгалзаж байж хүлээж авах боломжгүй болох ёстой. Эхний санал хураалтад 39 гишүүн оролцож, 14 нь татгалзсан санал өгсөн. Гэтэл манай хоёр гишүүн гаднаас орж ирээд, санал хураалтаас хоцорчихсон юм. Тэр хоёр гүйж ирж суугаад, санал хураалтад амжаагүй. Мөн Д.Дамба-Очир, Л.Энхболд нар саналаа өгсөн ч хурууны хээ нь уншигдаагүй. Үүнийгээ ч хуралдааны үеэр өөрсдөө хэлсэн. Хурууны хээ нь уншигдаагүй учраас санал нь эсрэгээрээ гарсан. Хуралдаанд оролцоогүй гишүүдийн карт эсрэг гарна шүү дээ. Техникийн саатлаас үүдэн гишүүний бодож байгаагаас өөр санал уншигдсан тохиолдолд дэгийн тухай хуулийн дагуу гишүүн горимын санал гаргаж болно. Тиймээс би манай зарим гишүүд саналаа өгч амжсангүй. Зарим гишүүдийн хурууны хээ уншигдаагүй учраас санал нь эсрэгээрээ явчихлаа гээд горимын санал гаргасан юм. Гишүүний санал өөрийнх нь байр сууринаас өөрөөр гарсан тохиолдолд горимын саналаар санал хураалтыг дахин явуулах боломжтой гэдэг хуультай. Энэ хуулийн дагуу л горимын санал гаргаж өмнөх санал хураалтыг хүчингүй болгосон юм. Бүх зүйл хуулийн дагуу явсан. Хууль зөрчсөн асуудал байхгүй. 

-Татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээж аваагүй үндэслэл нь юу юм бэ?

-Бүлэг дээр хэлэлцээд олонхийн саналаар хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Бүлгийн гишүүдийн 98 хувийн саналаар Татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Ардчилсан парламентын үед гишүүдийн олонхийн саналаар л асуудлыг шийдэх ёстой. Бид түүнийг хэрэгжүүлэх л ёстой.

-УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонг ажлаас нь чөлөөлсөн нь бас Үндсэн хууль зөрчсөн гэж байгаа юм билээ. Ажлаа өгөхийг удаа дараа шаардсаны дагуу өөрөө хүсэлт гаргаж байгаа гэдгийг нь чуулганы хуралдаанд танилцуулалгүй зөвхөн өөрөө хүсэлт гаргаж байгаа гэж танилцуулсан нь хууль зөрчсөн гэж Б.Гүнбилэг хуульч үзэж байгаагаа мэдэгдсэн. Гишүүдэд энэ талаар мэдээлэл очсон байсан уу?

-Энэ асуудлыг хэлэлцсэн долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр өргөдлийг нь бидэнд тарааж өгсөн. Би өргөдлийг нь уншсан. Өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байсан. Бид зөвхөн өөрөө хүсэлт гаргаж уу үгүй юу гэдгийг нь л харна. Өргөдөлдөө өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө үү гэсэн байсан. Өөрийнх нь хүсэлтийн дагуу л түүнийг чөлөөлсөн. 

-УИХ-ын дарга Г.Занданшатар удаа дараа өргөдлөө өг гэсний дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна гэдгээ өргөдөлдөө дурдсан байсан юм биш үү. Өргөдлийг нь чуулганы хуралдаанд бүрэн эхээр нь уншиж танилцуулалгүй зөвхөн өөрийн хүсэлтээр чөлөөлж өгөхийг хүссэн гэдгийг нь онцолсон гээд байгаа шүү дээ. Хэн нэгний шахалтаар чөлөөлөгдөж байгаа гэдгийг гишүүдэд мэдээлсэн бол асуудал өөрөөр шийдэгдэх боломжтой байсан гэж байгаа юм билээ?

-Хүсэлт гаргасан л бол гаргасан. Яаж гаргасан нь бидэнд хамаагүй шүү дээ. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан уу гэдэг л гол асуудал. Намайг чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт гаргасных нь дагуу чөлөөлсөн. Энд хууль зөрчсөн зүйл байхгүй байх.

-Сонгуулийг улс нэг тойрог гэсэн зарчмаар явуулах тухай асуудал яригдаж байна. Энэ зарчмаар явуулахад санал тэнцсэн тохиолдолд яах вэ?

-Зөвхөн 76, 77 дахь санал тэнцвэл дахин санал хураана. Түүнээс биш 35, 36 дахь санал тэнцвэл 76 дотроо хоёулаа ороод явна гэсэн үг. 

-Энэ зарчмаар сонгууль явуулбал эхний нэр дэвшигч л гэхэд 1.5 сая хүний санал авах боломж бүрдэх учраас 76 гишүүн сонгогдох боломжгүй гэж зарим гишүүд үзэж байгаа. Энэ байдлаар бол эхний 10 гаруй гишүүн л сонгогчдын саналыг авна гэж яриад байгаа. Сонгогчдын тоо 76 гишүүнийг сонгоход хүрэлцэхгүй гэх гишүүд байна?

-О.Баасанхүү тэргүүтэй гишүүд ийм зүйл ярьж байгаа юм билээ. Энэ талаар одоогоор надад мэдээлэл алга. Санал хураагаагүй үед тэгж үзэж болохгүй байх.