ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрх баригч намд айдас байв уу, эсвэл...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-08-26

-20 мянган хүн нэгдэж, нам байгуулах өндөр шалгуур орж ирлээ-

Сар гаруйн өмнө ээлжит бус чуулган зарлаж, 14 асуудал хэлэлцэхээр тов зарласан ч “зөвшилцөж байна” гэх нэрийдлээр удтал ажлаа гацаасан Их хурал өнгөрөгч долоо хоногоос “амь орж” эхлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан баяр наадмын дараахан УИХ-д өргөн барьсан юм.

Гэтэл энэхүү төсөл нь МАН-ын бүлгийн 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй зарим талаар зөрчилдөж байсан учраас УИХ-аас зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан нь ажил гацаах шалтгаан болжээ. Өнгөрөгч долдугаар сарын 05-ны өдөр УИХ хаврын чуулганаа хааж, ээлжит бус чуулганыг нээхдээ 14 асуудал хэлэлцэхээр зарласан ч ганцхан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хэлэлцээд л ажлаа гацаачихсан хэрэг л дээ. Харин зөвшилцлийн хугацаа сар гаруй үргэлжилж, өнгөрөгч пүрэв гарагт арайхийн шийдээ гаргаснаа танилцуулав.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг удтал хэлэлцсэний эцэст, Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан хуулийн төслөөс цөөнгүй хэсгийг нь хүлээж авахаар болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг Ерөнхийлөгч гаргасан байдаг. Харин МАН-ын бүлэг дотооддоо ярилцаад 99 байх нь зөв гэж үзсэн байх юм. Ингэснээр УИХ-ын гишүүдийн тоо 99 болж, таван жилээр Их хуралд суух болж байна. 108 гэдгийг бууруулсан шалтгаанаа “Гурван оронтой тоо арай их гэж иргэд шүүмжилж байгааг хүлээж авсан. Тоог нэмэх нь зөв байлаа ч 108 хэтэрхий их” хэмээн тайлбарлажээ. Гэвч начир дээрээ 108, 99-ын хооронд зарчмын том ялгаа огтхон ч харагдахгүй байгаа юм.

Их гэж үзвэл 99 ч өөрөө том тоо. Түүхийг эргэн сөхвөл, дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр 99 гэх тоог оруулж ирж байлаа. Тэр үед МАН-ын бүлэг хуйгаараа эсэргүүцэж, бэлэгдлийн тоо оруулж ирлээ, бөөгийн шашныг сурталчиллаа хэмээн шоглож, даапаалж байсныг монголчууд мартаагүй байгаа шүү. Харин энэ удаа Ардын нам үнэнд гүйцэгдэв үү, эсвэл үүнээс өөр гарц олсонгүй юу гэдэг нь сонин. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс сонгуулийн тогтолцоог хуульдаа тусгаж, холимог тогтолцоогоор буюу нэг мандаттай 54 тойрог, “Улс нэг тойрог” системээр 54 нь орж ирэх санал гаргасан ч МАН-ын бүлэг хүлээж аваагүй аж.

Харин Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг 100 хувь санал нэгтэй дэмжиж байгаа. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгахгүй бөгөөд сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчлөөд, тогтолцоогоо өөрчлөх үү, өөрчлөхгүй явах уу гэдгээ шийдээд явах боломжийг нээлттэй хэвээр үлдээхээр олонхийн бүлэг шийдэв. Ингэж өөрчилсөн шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарлахдаа “Сонгууль бүрийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж дайрч магадгүй гэж болгоомжилсон” хэмээн тайлбарласан байх юм. Гэвч энэ тун ч ядмаг тайлбар. Шинэ Үндсэн хууль баталснаас хойш 27 жилийн хугацаанд Монгол Улс маш олон удаа Сонгуулийн хуулиа өөрчилжээ. Нэг нам гарч ирээд л хуулиа өөрчилж тоглодог.

Өөрт ашигтай, өрөөлт халтай хувилбарыг сонгодог. Үр дүнд нь хоёр нам л энэ төрд үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, өдгөө ад үзэж буй МАНАН бүлэглэл амь бөхтэй орших суурийг бэлтгэсэн нь худлаа биш. Тиймдээ ч үүнийг халж, бие даагч, улс төрийн гуравдагч хүчинд эрүүл агаар бэлтгэх сонгуулийн тогтолцоог оруулж ирэх болов уу гэсэн иргэдийн хүлээлт талаар өнгөрч байх шиг. Хатуухан хэлэхэд, эрх баригч намд сонгуульд ялагдах вий гэсэн айдас байна уу гэдэг хардлага үүссэнийг ч нуух юун. Энэ мэтээр шүүмжлэлтэй хандах асуудал байгаа ч авууштай нь олон байгааг онцлохгүй өнгөрч боломгүй билээ. Тухайлбал, гурван парламент дамжиж яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт анх удаа хоёрдугаар хэлэлцүүлгийн босго алхах гэж байгаа нь хамгийн чухал. Төрийн тэргүүн, олонхи бүрдүүлсэн нам, мөн цөөнхийн байр суурийг тусгахаас гадна улс төрийн бусад хүчнүүд ч байр сууриа хүргүүлж байна.

Долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар илүү чамбай хэлэлцэж, шүүсийг нь шахаж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2000 оны алдааг давтахгүй нь ээ гэсэн хүлээлт ч талаар өнгөрөхгүй биз ээ. 27 жилийн турш “толгойн өвчин” болсон Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг Үндсэн хуульдаа илүү тодорхой тусгаж өгөхөөр болов. Мөн борооны дараах мөөг шиг олширсон улс төрийн намуудын тоог цөөлөх, чанаржуулах асуудалд ч улс төрийн намаас гадна Ерөнхийлөгч нь хүртэл санал нэгдсэн нь талархшуутай. Өнгөрөгч баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо шөнө болтол хуралдахдаа хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж, дэмжсэн аж. Тэдгээр саналууд дунд улс төрийн нам нь “үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна”, “улс төрийн намыг сонгуулийн насны иргэдийн нэг хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн хоёр санал олонхийн дэмжлэг авчээ. Өмнө нь 800 хүн нэгдэж нийлээд л нам байгуулчихдаг байсан.

С.Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн 800 ажилтантай нэг компаний захирал ч нам байгуулж болдог байлаа. Тэгвэл энэхүү нэмэлт өөрчлөлт батлагдсан тохиолдолд хамгийн багадаа 20 мянган хүний санал цуглуулж чадсан бол үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах, улс төрийн нам байгуулах өндөр шалгуур орж иржээ. Энэ мэтээр авууштай, дэмжихээр заалт олон бий. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Ардчилсан намын бүлэг ч өрийн дээд хязгаарыг Үндсэн хуульд тусгах, төсвийн сахилга батыг нэмэгдүүлж, орлогоос давсан зарлага төлөвлөхгүй байх зэрэг 10 гаруй саналыг нэмэлт өөрчлөлтөд тусгуулахаар саналаа хүргүүлсэн гэдэг.

Харин олонхийн бүлэг төсвийн сахилга баттай холбоотой буюу УИХ нь Засгийн газраас оруулж ирсэн төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох ч зарлага болон алдагдлыг нэмэгдүүлж болохгүй хэмээн тусгасан байх юм. Харин өрийн дээд хэмжээг Үндсэн хуульд тусгах санал дэмжигдээгүй. УИХ-ын гишүүн нь төрийн сүлдэнд өргөсөн тангаргаасаа няцвал эгүүлэн татах санал байнгын хорооны хурлаар дэмжлэг авч чадсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог хэрхэн батлах талаар эргэж зөвшилцөхөөр болжээ. Ийнхүү удтал шүүлтүүрээр орж, зөвшилцөл, үл ойлголцлыг давж чадсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлэгт ороход бэлэн боллоо.

Хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдрөөс албан ёсоор эхэлнэ. УИХ-ын гишүүд хэлэлцэх нь зөв, хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулж ирсэн төсөл “ок” болжээ гэж үзвэл ард түмний шүүлтүүрт оруулах учиртай. Угтаа эцсийн шийдвэрийг ард түмэн гаргана. Засгийн газар нь парламентаасаа гадна үйл ажиллагаа явуулдаг /Ерөнхий сайд болон зарим чиг үүргийн яам УИХ-аас/, улс төрийн намаа 20 мянган гишүүнээр байгуулдаг, УИХ нь таван жилээр 99 гишүүнтэй ажиллах ёстой гэж олон нийт дэмжвэл хэлэлцүүлэг цаашаа үргэлжилнэ. Дэмжихгүй бол хэлэлцүүлэг ч зогсож, Үндсэн хууль нь өнөөх дордохын долоон заалттайгаа цааш явах билээ. Ирэх өдрүүдэд ямар нам олонхи болж, дахин ямар хувилбар оруулж ирэх вэ гэдгийг хүлээж суухаас өөр аргагүй болно гэсэн үг. Тиймдээ ч нэг нам олонхийг бүрдүүлсэн энэ үед цөөнхийн саналаа сонсож, Төрийн тэргүүнтэйгээ нухацтай зөвшилцөж, алдаа мадгаа сайтар ярилцаад батлаасай гэсэн хүлээлт байгааг сануулах нь илүүц биз.