ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Дордохын долоо”-г хамгаалах эрх ашиг хэнд байна вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-02

Эрх баригч намын зөрчил хурцдаж, “эцэг” хуулиар шантаажлах улстөржилт өнгөрөгч долоо хоногт улам л хүрээгээ тэлэв. Харин тэд буруугаа Ерөнхийлөгчид тохлоо. “Ерөнхийлөгч зөвхөн хэлэлцүүлгийн явцад өргөн барьсан хуульд саналаа өгөх эрхтэй байсан. Гэтэл нэг том хууль оруулж ирснээс болж, холион бантан боллоо. Шүүхийн хараат бус байдалд хэтэрхий нөлөөллөө. Сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуульд оруулна гэж шахаж байна” гэх мэтээр бухимдлаа илэрхийлжээ. Гэвч начир дээрээ энэ нь шалтаг төдий байлаа. Цаад шалтгаан нь юу байсныг харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлчихэв. Тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ардын намын гишүүд Үндсэн хуулиар барьцаалсан улс төр хийж, хуралдаа суухгүй байна. 2020 онд нэр дэвших мандат намын даргаасаа авах гэж шантаажилж байгаа юм билээ. Үндсэн хууль бол улс орны хөгжлийн асуудал. Гишүүний өргөсөн тангараг байх ёстой. Төр, түмний төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр асуудалд хандах ёстой юм. Гэтэл Засгийн газрын гишүүн, сайд нар эсэргүүцэж, ирэх оны сонгуулийн пиараа хийж байна. 

Үндсэн хууль бол сонгуулийн сурталчилгаа хийдэг, нэр хүнд олж авах гэж шантаажилдаг асуудал биш” хэмээжээ. Тэр дундаа хэлэлцүүлэгт хамгийн хойрго хандаж байгаа хүмүүс нь Ардын намын залуу улстөрчид гэдгийг ч Ц.Нямдорж гишүүн чуулганы хуралдааны үеэр хэлээд авна билээ. “Ахмад улстөрчдийг үеэ өнгөрөөсөн хэмээн загнах атлаа чухал асуудал хэлэлцэх болохоор хил дамнаж нисээд алга болчихдог баян, цатгалан залуучуудаа хуралд нь суулга” хэмээн загнав, тэр. Түүний хэлсэн үгэнд үнэний хувь олон бий. МАН-ын залуу үе шантааж, албан тушаалын тохироо, ЖДҮ, тендерийн хулгай, хүчин гээд аль болохгүй зүйлд нэр холбогдож байгаа. Тэгсэн атлаа улс орны хамгийн чухал хуулийн төслийг хэлэлцэх болохоор нөгөө ад үздэг хэдэн ахмад улстөрчид нь л сөрөг хүчний гишүүдэд сайн, муугаараа дуудуулж, загнуулаад сууж байгаа нь худлаа биш. Угтаа шалтгаан хэмээн нэрлээд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан төслийн заалтууд хэлэлцүүлгийн шатанд олонхи нь хасагдаж, цөөхөн хэдхэн санал үлдсэн гэдгийг өнгөрөгч долоо хоногт ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийхдээ тайлбарлажээ. Тухайлбал, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахгүй, УИХ-ын гишүүний тоо 99 байна, нийт таван жилийн хугацаатай гэсэн цөөхөн хэдхэн санал дэмжлэг авчээ. Нийт 49 санал хүргүүлснээс 10 хүрэхгүй нь дэмжлэг авсан хэрэг. Харин МАН-ын бүлгийн 62 гишүүний өргөн барьсан төсөл тэр чигээрээ дэмжлэг авсан юм. Тэгэхээр гацаах шалтгаан Ерөнхийлөгчийн хуулийн төсөл биш гэсэн үг. Сөрөг хүчний зүгээс оруулж ирсэн саналууд ч дэмжлэг авахгүй унаж байгаа. 

 

2000 онд хулгайгаар оруулсан өөрчлөлт бүлэглэлийг бий болгожээ 

Эндээс харвал, Үндсэн хуулийг хэвээр үлдээх, 2000 оны “дордохын долоон заалт”-ыг хамгаалах эрх ашиг цөөнхөд биш олонхийн хэсэг бүлэгт байгаа нь харагдана. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд газрын наймаа, авлига, албан тушаалын тохироо гээд байж болох хамгийн муу бүхнийг хийсэн хэсэг бүлгийн хэмжээлшгүй эрх мэдэл эдгээр дордуулсан долоон заалттай хамт нуран унах учраас эцсээ хүртэл хамгаалахаас өөр замгүй болжээ, бүлэглэлийнхэн. Монгол Улс Үндсэн хуулиа батлах, хэлэлцэх бүртээ цаг ямагт эвлэлдэн нэгддэг байсан түүхтэй. Үүн шиг зөрчилдөж, бүр олонхи нь хуваагддаг байсан түүх үгүй. 1924 оны Үндсэн хууль, 1640, 1960 оны нэмэлт өөрчлөлтийг хийхдээ ч нэгдэж байсныг түүх гэрчилнэ. 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахдаа ч 900 гаруй мянган иргэн санал асуулгад оролцож, улс орны өнцөг булан бүрээс ирсэн 470 депутат Ардын их хурлаар 76 өдөр хэлэлцэн баталчихсан юм. Гэтэл 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа нэг нам олонхиор хүч түрэн, нууцаар хуйвалдаж, хийсэн долоон өөрчлөлт нь энэ бүх замбараагүй байдлыг бий болгожээ. Харин энэ гажуудлыг өдгөө засах гэж зүтгэж байгааг хаа, хаанаа мэдэж буй. Нэг нам олонхийг бүрдүүлсэн ч сөрөг хүчинтэйгээ зөвшилцлөө. Парламентад суудалгүй намуудаас санал авлаа. Ард нийтээс санал асууж, эцсийн шийдвэрийг иргэдээр гаргуулах гэж байна. Ерөнхийлөгч нь саналаа нэмэрлэсэн гээд нийтээр эвлэлдэн нэг зорилгын төлөө зүтгэж байх аж. Гэвч үүнийг хийлгэхгүй гэж улайрагсад нь өнөөх “МАНАН” бүлэглэл гэдэг нь юм болов уу хэмээн хардахаас өөр аргагүйд хүрч байна.

Угтаа, 2000 оны нэмэлт өөрчлөлтийг хийхэд оройлон оролцсон хүмүүс нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр тэргүүтнүүд байв. Харин тэд өнөөдөр хэн болж, юу бүтээснийг та бид мэднэ. Эдгээр хүмүүсийн нууцаар хийчихсэн “дордохын долоон” өөрчлөлт өнөөгийн дампуурал, авлига хүнд сурталд хөтөлж, 1992 оноос хойш 14 Засгийн газар байгуулах шалтгаан болсон юм. Өмнө хэлсэнчлэн, эдгээр алдааг залруулах гэсэн хүсэл зоригийг мохоох, “Ерөнхийлөгч эрх ашгаа багтаасан, эрх баригч нам түүнд нь бууж өгсөн нэмэлт өөрчлөлт болсон” хэмээн мушгин гуйвуулсан пиарыг өнгөрөгч өдрүүдэд эрчимтэй явуулж эхлэх нь тэр. “УИХ-ын гишүүнийг 99 болгож, эрх мэдлийг нь нэмэх гэж байна. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй улстөрчид таван жилээр тухлах нь ээ. УИХ-ын гишүүд шүүгчийн ажлыг өмнөөс нь хийхээр боллоо” хэмээн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилгыг саармагжуулж, анхаарлыг өөр зүгт төвлөрүүлэх гэсэн пиар эрчимжжээ. Үнэнэдээ хүн амын тоо, нэг гишүүнээс хэтэрхий хамаарсан парла­мен­тын тогтолцоог өөрч­лөхийн тулд гишүүдийн тоог нэмэхээс өөр аргагүй. Ингэж байж л хариуцлага, хяналтыг зэрэг, зэрэг нэхэж чадна. Ялсан намын дарга буюу Ерөнхий сайд нь зөвхөн УИХ-аас, танхимын бусад сайд нар нь гаднаас томилогддог болсноор УИХ, Гүйцэтгэх засаглал нэг хөнжлөөс сугарна. Дөрвөн жилийн хугацаанд бүгд сайд болохын тулд хэн дуртай улстөрч нь Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьдаг буруу жишгээс салж чадах билээ. Харин үүнийг хүсэхгүй байгаа бүлэглэл гэдэг л 2000 оны өөрчлөлтийг амь тэмцэн хамгаалж буй хэрэг. 

 

Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна 

Уншигчиддаа илүү тодорхой ойлголт өгөх үүднээс “дордохын долоо”-д багтсан нэмэлт өөрчлөлтүүдийг хэрхэн өөрчилж байгааг хүргэе.  

2000 оны нэмэлт өөрчлөлт 

-УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацаа 50-аас доошгүй хоног 
-Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи буюу 20-оос доошгүй гишүүн хуралд сууснаар ирц бүрдэнэ 
-Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
-УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. /Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно/ 
-Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.  
-Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ.
-УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг, УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна.

2019 оны нэмэлт өөрчлөлт 

-УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацаа 75-аас доошгүй ажлын хоног 
-УИХ-ын нийт гишүүдийн олонхи буюу 49-өөс доошгүй гишүүнээр ирц бүрдэнэ /Анхны төсөлд 39 байсан ч 99 болсон тохиолдолд 49 болно/ 
-УИХ ил санал хураалтаар шийдвэр гаргана. Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна. 
-УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах өөр ажил, албан тушаал хавсран хийж болохгүй. /Давхар дээлийг бүрэн тайлна гэсэн үг/ 
-Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөн гишүүн УИХ-ын гишүүн байж болно. /Ерөнхийлөгч Ерөнхий сайдаас бусад нь гаднаас гэсэн санал оруулсан/ 
-Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг томилж, чөлөөлж огцруулна. УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулна. 
-Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна. /Ерөн­хий­лөгчийн санал/