ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэцийн гишүүд эх орноосоо урвах бус харин ч эх оронч шийдвэр гаргалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-01

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан аравдугаар сарын 30-ны өдөр хуралдаж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 77.3 дахь хэсгийн 1, 2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 11, 12, 13 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлыг хэлэлцэж, зургадугаар сард гаргасан Дунд суудлын хуралдааны шийдвэрээ бататгасан нь улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болов.

Цэцийн Их суудлын шийдвэр гарсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэнд хамгийн их дургүйцсэн, өөрийн эргэн тойрны троллуудаа ажиллуулж эхэлсэн хүн нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Гэвч Сангийн сайдын бухимдал ниргэсэн хойно нь хашгирав гэдэгтэй л утга дүйж байх юм. Учир нь, УИХ энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 

Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 81.8 хувийн саналаар энэхүү нэмэлт өөрчлөлтийг баталсан бөгөөд хуулийн төслийг эцэслэн батлахад асуулт асуусан гишүүн гуравхан байсан билээ. УИХ-ын гишүүн М.Билэгт, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар асуулт асууж байлаа. Ингээд хуульдаа өөрчлөлт оруулсан бөгөөд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс алт олборлосны татвар авдаг байсныг өөрчилж, бичил уурхай эрхлэгч болон хувь хүнээс ч рояалти татвар авахаар өөрчилсөн билээ.

Нөөц ашигласны төлбөр өмнө нь борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байсныг хуулийн өөрчлөлтөөр таван хувь болгон өөрчилсөн юм. Харин Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь Үндсэн хуулийн 5.4, 19.1 дэх хэсгийг зөрчиж байна гэж иргэн н.Баярмаа Цэцэд ханджээ. Цэц энэ асуудлыг өнгөрөгч зургадугаар сард Дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн” гэх шийдвэр гаргасан юм.

Харин найр наадам дундуур буюу баярын дараахан долдугаар сарын 16-нд хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар асуудлыг хальтхан хэлэлцээд л өнгөрч байв. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдэг шийд гаргаж байжээ. Гэлээ ч энэ асуудал Цэцийн Их суудал руу очно гэдгийг мэдсээр байсан атлаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэр үед асуудлаа ярьж, Цэц буруу шийдвэр гаргах гэж байна хэмээн улайран хамгаалахгүй яасан юм бэ.

Хамгийн сонирхолтой нь Засгийн газар болон МАН-ын олон улстөрчид алтны татварыг нэг дахин нэмсэн, давхар татвар авах нь өндийж буй компани, аж ахуйн нэгжүүд, боловсруулах үйлдвэрүүдээ татан унагах, далд эдийн засгийг буюу алт хууль бусаар хил давах нөхцөл байдлыг өдөөх нь ээ гэдгийг наадмын дараахан яриад, хуульдаа өөрчлөлт оруулж болох л байлаа. Энэ асуудлаас болж Уул уурхайн сайд, Сангийн сайдын хооронд ч маргаан гарч байсныг нуух юун. Гэвч тэд асуудлаа ярьж чадаагүй учраас иргэн н.Баярмаа санасандаа хүрч, Засгийн газар харин ямар ч өршөөлгүйгээр ялагдав. 

Рояалти бол татвар биш 

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Засгийн газар, салбар яам нь ч Цэцийн гаргасан шийдвэрийг зөв гэж үзэж буй бололтой. Учир нь рояалти бол түүхий эдийг төрөөс худалдаж авч буй үнэ. Энэ үнийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нэг л удаа төлж, төрөөс худалдаж авна. Үүнээс цаашхи харилцаа бол НӨАТ, ААНОАТ гэх мэт асуудлаар яригдана. Гэтэл шат дамжлага бүрт рояалти буюу төлбөр авч байгаагаа татвартайгаа хольж хутган, ялгаж салгахгүй байгаа учраас энэ удаа Цэцийн гаргасан шийдвэр зөв болж таарлаа. Энгийнээр тайлбарлавал, та нэг иргэнд байраа зарчихаад төлбөрөө авчихлаа.

Тухайн иргэн цаашаа бусдад хөлслүүлж, эсвэл зарж борлуулахад нь та дахиад л гарч ирээд мөнгө аваад байгаа гэсэн үг. Эндээс болж, олон аж ахуйн нэгж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд өндийж чадахгүй дампуурч, харин эзэнгүй зах зээл дээр нь гадны аж ахуйн нэгжүүд чинь дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа билээ.

Татварыг шат дамжлага бүр авч болох ч рояалтиг ингэж авч байгаа нь дөнгөж өндийж буй үйлдвэрүүдээ давхар татвараар дарамталсан төрийн буруу шийдвэр болж буй учраас л энд аж ахуйн нэгжийнхээ талд л гарч зогсох ёстой болоод байна.

Тэгээд ч Цэцийн энэ шийдвэр зөвхөн нүүрсний асуудлыг хөндсөн болохоос алт, зэс зэрэг бусад ашигт малтмалтай огтхон ч хамаагүй. Харин энэ шийдвэрт хамгийн их бухимдсан хүн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Тэр шийдвэр гарсан даруйд “Ноцтой мэдээ. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж, төсвийн орлого жилд 1.3 их наядаар тасрахад хүрлээ. Товчхондоо ард түмний өмч биш компаниудын өмч боллоо. Оюутолгой, Эрдэнэт зэрэг том ордууд бүгд төлбөр төлөхгүй.

Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан зэрэг өрийг нь дарж, хуримтлал бий болгож байсан, мөнгө цуглуулж байсан сангууд бүгд будаа боллоо” гэх мэтээр жиргэв. Түүнийг ийн жиргэхтэй зэрэгцэн твиттер орчинд нөгөө “Увсын фракци” нь уралдан орж ирцгээн, хөгширч зөнөсөн өвгөчүүл төрийн эсрэг гэмт хэрэг үйлдлээ, иргэний дайн гарлаа гэх мэтээр дөвчигнөх нь тэр.

Сангийн сайдын ингэтлээ уурлаж, чичирсэн шалтгаан нь ердөө л хэлсэн амандаа хүрч чадахгүй болчих вий гэсэн айдсаас өөр юу ч биш. Хэдэн аж ахуйн нэгжээ татвараар дарамталж мөнгө олчихоод л “Би гаднаас өр зээл тавихгүй, бонд босгохгүй. Эхчүүдийн тэтгэмжийг нэмнэ. Ардчилсан нам шиг төсөвт тодотгол хийхгүй.

МСҮТ-д суралцагсдын төлбөрийг нэмнэ” гэх мэтээр шинэ баян шиг баярхах боломж нь хаагдаж байгаа юм. Улсын төсвийг хөөсрүүлсэн буруугаа өөрөө үүрэхээс өөр аргагүйд хүрч байна. Төсвийн зарлагыг 1.8 их наядаар нэмэгдүүлсэн алдаагаа өөрөө үүр гэж төр түүнд даалгавар өгч байна.

Хөрсөн дээрээ бууж, ажлаа жинхэнэ ёсоор хийх, улсын Сангийн сайд шиг төсвийн алдагдлаа ч нөхдөг, өр ширний асуудлаа ч хэдэн аж ахуйн нэгжээ сааж биш өөрөө шийдэх том үүрэг толгой дээр нь ирж байгаа юм. Дотоодын хэдэн аж ахуйн нэгжийн өөдөөс барьсан том зэвсгийг нь хурааснаас өөр юу ч биш билээ. Иргэний дайн үүсэж, ард түмнийг баялгийн өмчөөс нь салгасан асуудал ч биш юм. 

Төр давхар татварын алдаагаа засахаас өөр аргагүй 

Үүнийг намынх нь гишүүд ч хүлээн зөвшөөрч эхлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан УИХ-ыг төлөөлж Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд суусан бөгөөд энэ талаар ярихдаа “Татвар бүрдүүлж байгаа гэдгээрээ төсөв яригдаж буй энэ үед Сангийн сайд бухимдах нь зөв. Гэхдээ эргээд уул уурхай, эрдэс баялгийн талаас нь харах юм бол эргэж харах зүйл бий. Татварын давхардал гарсан зүйл. Зөвхөн нүүрсний хувьд л асуудал яригдана.

47.3.1-д “Дотооддоо олборлосон нүүрснээс 2.5 хувийн АМНАТ авна гэсэн. Гэтэл 47.3.2-т “Бусад төрлийн ашигт малтмалаас” гэж байгаа. Тэгэхээр бусад төрлийн ашигт малтмал нь орно. Дээрээс нь олборлоод гаргаад ирчихсэн нүүрс бас орно.

Өөрөөр хэлбэл, эхний 2.5 АМНАТ шингэчихсэн нүүрсийг худалдаж аваад түүнд боловсруулалт хийгээд, угааж коксжуулж, нэмүү өртөг шингээгээд экспортод гаргах гэхээр дахиад таван хувийн АМНАТ аваад байгаа юм.

Тэгэхээр нэг төрлийн төлбөрийг хоёр давхардуулсан учраас эргэж авч үзэх нь зүйтэй гэж харж байгаа. Бодлогын зөрчил гараад байгаа учраас УИХ одоо асуудлыг эргэн харж, хуулиа л өөрчлөхөөс өөр аргагүй. АМНАТ бүр зогсчихсон асуудал биш. Дотоодын үйлдвэрүүдээ унагаж, гадаад талд өрсөлдөх чадварыг нь боомилж болохгүй” гэжээ.

УИХ-ын гишүүн, хуулийн төслийг УИХ-аар баталж байх үед ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ гишүүн ч “Давхар татвар бол төрийн алдаа байсан.

Энэ алдаагаа засч, хуулиа өөрчлөх ёстой” гэж мэдэгдэв. Мөн УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат ч давхар татварын хууль баталсан эрх баригчид алдаагаа залруулахаас өөр сонголтгүй боллоо хэмээжээ. Хамгийн сонирхолтой нь төр өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрч байхад аж ахуйн нэгжүүд алгаа хорстол ташин иргэн н.Баярмаад талархах ёстой биз дээ.

Гэтэл нөгөөх л Хятадуудтай үгсэн хуйвалдаж, ард түмний баялгийг ар, өвөргүй зөөж урагшаа гаргачих хүсэлтэй компаниудын төлөөлөл “Цэц буруу шийдвэр гаргалаа” хэмээж байгаа нь хардлагыг улам батлах аж. Үндсэн хуулийн цэц болон Засгийн газар нь “аж ахуйн нэгжүүдээ дарамталж, 2.5+5.0 хувийн рояалтиг татвар гэж ойлгоод авч байсан бидний буруу” хэмээн нүглээ наминчилж байхад “Энержи Ресурс” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Батцэнгэл “Цэц хүчингүй болгосон гэх гол хуулийн заалтууд энэ байна. Энэ салбарт ажилладаг хүний хувьд гайхаад хараад сууж байна.

Цэц рояалтитай холбоотой гол заалтуудыг хүчингүй болгосон байх юм. Хуульчид мэргэжлийн тайлбар өгөх байлгүй дээ” хэмээн жиргэжээ. Эндээс л уншигч та Цэцийн шийдвэр хэнд ашигтай, хэнд ашиггүйг харж болно.

АМНАТ хэдийгээр ард түмэн байгалийн баялгаас хувь хүртэх буюу татвараар дамжуулан цалин, тэтгэвэр, халамж авах нэг хэрэгсэл боловч дотоодын хэдэн компаниудаа давхар татвараар нухчин дарчихаад гадныханд найр тавин нүүрсний салбартаа оруулж ирэх гэсэн далд санаархлыг нь Цэц зогсоочихлоо гэж л харагдаж байгаа юм. Мөн монополь компаниудад айдас бий болсныг эндээс харж болно.

Тэгээд ч зөвхөн нүүрсний салбарт хамаарах болохоос Оюутолгой, Эрдэнэт зэрэг алт, зэсийн АМНАТ огтхон ч хөдлөөгүйг гишүүд тайлбарлав. Дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд тавьсан давхар АМНАТ-аас болж, 60 гаруй аж ахуйн нэгж хаалгаа бариад байсныг Цэц арилгаж өгчээ.

Ингэснээр эдгээр аж ахуйн нэгжүүд “Энержи Ресурс” гэх мэт цөөхөн хэдхэн монополь компаниудтай өрсөлдөх боломжтой болно. АМНАТ-ын давхар дарамтаас ангижирснаар 1.3 их наяд байтугай мөнгийг олж чадна гэсэн үг. Гадны компаниудтай өрсөлдөх боломж нээгдэнэ. Энэ бол эх орноосоо урвасан бус харин ч эх оронч үйлдэл байлаа хэмээн дүгнэхэд буруудахгүй билээ.