ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Махбалыг өнөөдөр шүүнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-13

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно. Шүүх хурал өнөөдөр 14:00 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна. Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 /онц, харгис хэрцгийгээр хүнийг алах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн аж.

Түүний хэргийн шүүх хурал долоон удаа хойшилж, жил гаруй хугацаанд дамнан үргэлжилж байна. Хэргийг сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарч Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн  юм.