ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Сандаг-Очир: Нөмрөгт учирсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ

O.Admin
1 цагийн өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдаанд салбарынхаа гурван асуудлыг оруулж танилцуулжээ. Тэдгээрийн нэг нь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн асуудал байсан аж. Ц.Сандаг-Очир сайд хэлэхдээ "Нөмрөгийн түймрийн нөхцөл байдлын талаар Засгийн газарт танилцууллаа. Дархан цаазат газарт гарсан түймрийг энэ сарын 16-ны өдөр бүрэн унтраалаа. 528 мянган га газраас 468 мянган га газар түймэрт өртсөн. 79.8 хувь нь өртжээ. Өнгөрсөн хугацаанд Дорнод аймгийн Халх гол суманд миний бие ажиллаж, хохирол тогтоох ажлын хэсгийг ажиллуулж байгаа.

Хохирлыг 30 хоногийн хугацаанд тогтооно. Шатсан талбайн хэмжээгээр бус ой, агаар, хөрс, газрын хэвлийн, ургамал, амьтны бүх бүрдэл хэсгээр тогтоож, нэгдсэн тайлан гаргана. Хохирлыг тогтоосны дараа нөхөн төлүүлэх арга хэмжээг холбогдох хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. 30 хоногт багтааж тогтоосны дараа нөхөн төлүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ.

Баавгайтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөд 9 аймагт 98 хөдөлгөөнт бүлэг ажиллаж байгаа. 1500 хүнтэй 158 машинтай ажиллаж байна. Дуудлага мэдээлэл цөөрч байгаа. 1200 гаруй дуудлага ирж, 50 орчим баавгайг аюулгүй болгожээ. Цаашид аюул хэвээр учраас анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг сануулъя. Зарим баавгай ичихгүй байх асуудал ч гарч мэдэхээр байгааг мэргэжлийн анчид анхаарууллаа. Хавар ичээнээс гарсны дараа ч эрсдэл нэмэгдэх магадлалтай. Ирэх жил баавгайн тоог нэгтгэж гаргана" гэв.