ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АШУҮИС: Хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулав

O.Admin
2 цагийн өмнө

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) 2026–2027 оны хичээлийн жилд хамтран ажиллах улсын төв эмнэлгүүд, агентлаг, үндэсний төвүүд болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагааг 2026 оны аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Хамтын гэрээ байгуулах үйл ажиллагааг АШУҮИС-ийн ректор, профессор Б.Дамдиндорж нээж, их сургуулийн бүтэц, үйл ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар танилцууллаа.

Энэ удаагийн үйл ажиллагаанд Улсын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг улсын эрүүл мэндийн байгууллагууд болон төрөлжсөн мэргэжлийн, хувийн хэвшлийн нийт 21 эмнэлэг, байгууллагын төлөөлөл оролцлоо.

АШУҮИС нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, эмнэлзүйн сургалтын чанарыг сайжруулах, эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэхэд хамтран ажилладаг эмнэлгүүдийн оролцоо чухал ач холбогдолтой юм.

Хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулснаар сургалт, эмнэлзүйн дадлага, судалгаа шинжилгээний ажлыг уялдуулах, их сургууль болон эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ.