ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат орон нутагт ажиллаж байна

O.Admin
1 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Л.Соронзонболд нарын хамт Хэнтий аймагт ажиллаж байна. Сайд салбарын бодлого, шинээр хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төсөл, “Арьс шир-Баялаг” хөтөлбөр болон өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалт, 2026 оны төсвийн тодотгол, малын гоц халдварт өвчний эсрэг авч буй арга хэмжээний талаар сумдын иргэд, малчдад танилцуулж, тэдний санал сэтгэгдлийг сонсож байна.

Энэ сарын 15-нд УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг баталсан. Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголын хүрээнд үнийн өсөлтийг тогтворжуулах, стратегийн нөөц бүрдүүлэх хариу арга хэмжээнд зориулж 150.0 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд ХХААХҮЯ-наас уг санхүүжилтийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.

Үүнд:

Тариаланчдын намрын ургацаас 100,000 тонн улаанбуудай худалдан авч, гурилын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана.

Хүнсний ногоо, тариалан эрхлэгчдээс гол нэрийн 12,000 тонн хүнсний ногоо худалдан авч нөөц бүрдүүлнэ.

Мөн 20,000 тонн махны нөөц бүрдүүлж, нөөцийн хадгалалт, борлуулалтыг цахим төлбөрийн баримтын системд бүртгэн, агуулахын үлдэгдэл болон нөөцийн хөдөлгөөнийг хянах юм.

Стандартын шаардлага хангасан зоорь, агуулахын хүчин чадлыг 20,000 тонноор нэмэгдүүлнэ. Түүнчлэн аж ахуйн нэгжийн газрын тосны бүтээгдэхүүний 299,725 шоо метр багтаамжтай агуулахыг шинээр барих, өргөтгөхөд 20.0 тэрбум төгрөгийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ.

“Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг мал аж ахуйн салбартай хослон хөгжүүлэх, тэжээлийн таримлыг тариалах замаар бэлчээрийн доройтлыг бууруулж, малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2026 оны хавар "Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 24 суманд хэрэгжүүлж, 2270 га-д тариалалт хийсэн.

Нийт 778 малчин өрхийн хоршоо хамтын ажиллагааг дэмжиж, нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнгүүд гарч байна. 10 дугаар сарын 16-ны байдлаар 1450 га талбайгаас 3625 тонн буюу га-аас 25 центр ургац хураан авч гүйцэтгэл 63.8 хувьтай байна. Энэ намар нийтдээ 7000 тонн хүртэлх тэжээл авах төлөв гарч ХХААХҮЯ-наас зорьсон үр дүндээ хүрч байна. Малчид хоршин амьдралд хэрэгжүүлсэн туршлагыг үндэслэж энэ хавар малчид руу чиглэсэн ногоон тэжээл тариалах бодлогыг эхлүүлж, жишиг загвар үүсгэхээр зорьсон бөгөөд үр дүнг нэгтгэж байна.

“Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжсэн Өмнөдэлгэр, Баян-Овоо сумдын хувьд төсөлд хамрагдсан малчин өрх бүр 200-300 боодол тэжээл авч байгаа. Түүнчлэн сумандаа нөөц бүрдүүлэх, тэжээл хураах зардлаа нөхөж газар тариалангийн тоног төхөөрөмж худалдан авах дундын сан үүсгээд байна.