ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол даяар Төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэлээ

O.Admin
2 цагийн өмнө

Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 20-ны морин цагт, 11:40 минутад нийслэлийн Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд Монгол Улсын Төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэлээ.

“Төрийн дууллын өдөр” санаачилгын хүрээнд зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь монголчуудын тусгаар тогтнол, үндэсний бахархал, эв нэгдэл, эх оронч сэтгэлийг нэгэн цаг мөчид илэрхийлсэн онцгой үйл явдал боллоо. Төрийн дуулал бол улс үндэстний түүх, тусгаар тогтнол, үнэт зүйлсийг аялгуу, үгэнд шингээсэн төрийн эрхэм бэлгэ тэмдэг юм.

Монгол Улсын өнөөгийн Төрийн дууллын үндсэн хувилбарыг 1950 оны дөрөвдүгээр сарын 26-нд баталж, тавдугаар сарын 1-нээс орон даяар эгшиглүүлж эхэлжээ. Үгийг Ц.Дамдинсүрэн, аялгууг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар бүтээсэн түүхтэй.

Төрийн дууллын үг цаг үеийн өөрчлөлтийг даган 1961 онд шинэчлэгдэж, 1990-ээд оны эхээр анхны үгийн гол хэсгийг сэргээсэн бол 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор үндэсний түүх, төр ёс, өв соёлын залгамж чанарыг улам тодотгон найруулжээ. Харин үндсэн аялгуу нь 76 жилийн турш хадгалагдан үлдсэн юм.

Төрийн дууллын мөр бүр гүн утга агуулдаг. “Дархан манай тусгаар улс” хэмээх мөр нь Монгол Улсын бүрэн эрхт, халдашгүй байдлыг, “Даяар Монголын ариун голомт” нь монголчуудын нийтлэг эх орон, түүхэн үндэс, өвөг дээдсийн гал голомтыг бэлгэддэг.

“Далай их дээдсийн гэгээн үйлс” нь үе үеийн өвөг дээдсийн бүтээсэн түүхийг хүндэтгэх, “Үндэс язгуур, хэл соёлоо үрийн үрдээ өвлөн бадраая” хэмээсэн нь эх хэл, түүх, соёл, уламжлалаа хамгаалан хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх эрхэм үүргийг сануулдаг. Өнөөдөр мөн 1945 оны аравдугаар сарын 20-нд монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө бүх нийтийн санал хураалтад оролцсон түүхэн өдрийн 81 жилийн ой тохиож байна. Төрийн дууллаа эгшиглүүлэх нь өнгөрсөн түүхээ хүндэтгэж, өнөөдрийн тусгаар тогтнолоороо бахархаж, ирээдүй хойчийнхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахын илэрхийлэл юм.

Төрийн дуулал минь үеийн үед эгшиглэж, Монгол Улс минь үүрд мандан бадраг!