Нэн түрүүнд энэхүү нийтлэлийг хэн нэгний эрх ашгийг хамгаалж бичээгүй гэдгээ мэдэгдье. Тэр дундаа 40 насны босго давчихсан атлаа өсвөр насны хөвгүүн аятай олон нийтийн газар овлигогүй аашилсан, улстөрчийн учир битүүлэг үхэлд буруу мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өмгөөлөх, өмөөрөх санаа агуулсангүй. Өндийлгөж босгосон намаа өдөр бүхэн “өшиглөж”, өөрөө харин нэр алдарт хүрсэн Ж.Батзандан тэргүүтнийг ч хамгаалах бодол алга. Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар арилжаалсан Ц.Сандуй тэргүүтний тухай дурсаад ч хэрэггүй байх.
Гэвч, улс төрийн намууд дотооддоо хариуцлагын тогтолцоотой болохыг тэгтлээ их хүсч л байгаа юм бол тэр дүрэм, журам нь яагаад Н.Номтойбаяр, Ц.Сандуй, А.Ганбаатар, С.Мөнхчулуун, С.Баярцогт, Ж.Батзандан гэсэн хэдхэн хүнд үйлчлэх ёстойг хөндөхийг хүслээ. “Хууль хүн бүхэнд адил тэгш үйлчлэх ёстой” гэсэн энгийн логикийн дагуу улс төрийн намын баталсан дүрэм ч намын гишүүн бүхэндээ адилхан үйлчлэх ёстой баймаар.
Эрх баригч МАН-ынхан дүрмээ шинэчлэн баталсныхаа дараа “60 тэрбум”-ыг санаачилж, намын нэр хүндийг унагасан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөсөн. Мэдээж энэ шийдвэрийг олон хүн талархан хүлээж авсан билээ. Гэвч, түүнийг санаачлах үүрэг даалгавар өгсөн, сонсоод бүр дэмжиж суусан М.Энхболдоо яагаад хамгаалж үлдсэн юм бэ, намын дарга аа. Тэр хүнд Ардын намын гишүүн гэж дуудуулах өчүүхэн ч нэр хүнд үлдээгүй санагдах. УИХ-ын гишүүн атлаа олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй гэж Н.Номтойбаярыг намаас хөөчихлөө.
Тэгвэл зодоон хийх байтугай хүчин хийчихсэн Д.Гантулга өнөөдрийг хүртэл Ардын намын гишүүн хэвээр явж байгаа нь ариун явдал уу. Хаана байна шударга ёс чинь. Намын дүрэмд “зодоон хийвэл хөөнө, хүүхэн хүчиндвэл үлдээнэ” гэсэн дүрэм байдаггүй байлгүй дээ. Намын нэр хүндийг Н.Номтойбаяраас ч илүү унагаж, үеийн залуутай зодолдох байтугай улс дамжиж шившиг болгосон Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр бас хариуцлага яримаар байх юм.
Энэ хүн төрийн нэрээр байтугай намын нэрээр ч албан тушаалд очих эрхгүй хүн биз дээ, уг нь. Монгол Улсын дээрээсээ дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх албан тушаалтан атлаа олон нийтийн газар, бүр агаарын тээвэрт архидан согтуурч, бусдын өгзөг илж явсны хажууд Н.Номтойбаяр харин ч цав цагаахан хүн аж.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед албан тушаалаа урвуулан ашигласан долоон концессчин одоо ч танай намд байна. Зарим нь бүр том албан тушаалтан болчихож. Ж.Мөнхбат тэргүүтэй концессын наймаачдад хариуцлага тооцно гэсэн таны үг үнэн бол эдгээр хүмүүсээ ч бас намаас хөөсөн шиг хөөе.
Нэр цэвэр, гар цэвэр сонгуульд ороход хэчнээн сайхан билээ. Жирийн иргэдийн боломжоос хулгайлж, ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Л.Энхболд нарын бүрэн эрхийг яагаад түдгэлзүүлэхгүй авч үлдэв, та бүхэн. Тэдэнд Ардын намын гишүүн байтугай, ард түмний төлөөлөл ч байх нэр хүнд үлдээгүй. Гэтэл хамгаалж үлдээд зогсохгүй, өнөөдрийг хүртэл намын гишүүнээрээ үлдээж, бүр ирэх сонгуулиар ч тойрог өгөх тухай яриад сууж байна. Энэ тэгээд хариуцлага тооцож буй хэлбэр мөн гэж үү. ЖДҮ авчихаад баригдахаараа төлчихсөн хэмээн булзсан нэр бүхий 20 гаруй гишүүндээ ч хариуцлага яримаар байна.
Аавын хүүг алагчилж байгаа аятай шүүхээр ч нотлогдоогүй хэргийнх нь ч төлөө нэгхэн гишүүнээ золионд гаргаж байгаа нь танай намд шударга ёс, хариуцлагын тогтолцоо арай л өөр зарчмаар үйлчлээд байгаа юм шиг санагдах болов. Намын дарга У.Хүрэлсүх танд олон хүн итгэдэг. Би ч итгэж яваа хүмүүсийн нэг.
Эр хүн шиг хэлсэндээ хүрнэ гэсэн итгэл рүү харин нулимах вий, та. Нэгэнт л хариуцлагын сэлмээ хуйнаас нь сугалсан юм бол Оюутолгойн луйврын буруутан гэх С.Баярыгаа ч бас намаасаа хөөчих. Ард түмний нэрийг барьж, Ардын намын нэр хүндийг унагаж яваа ийм хүмүүсээс салсан шиг салж байж л танай нам хүлээн зөвшөөрөгдөнө, таны нэр хүнд ч тэр хэрээр өсөх билээ. “МАНАН” мафийн загалмайлсан эцэг гэх Т.Бадамжунайгаас намынхаа нэрийг салгаж авах сан.
Удирдах зөвлөлийн шийдвэрийг залуу хүний хувьд сөрсөн гэх ганцхан үндэслэлээр намаас гишүүнээ хөөдөг атлаа улсаа хүртэл худалдаж идсэн авлигачдыг намынхаа нэр дор хэдий болтол нуух юм бэ. Угтаа, Н.Номтойбаяр тэргүүтэй эдгээр залуусын асуудал бол дөнгөж эхлэл хэмээн сэтгэж, Ардын нам шинэчлэгдэж байна гэж итгэж сууна, эгэл иргэд чинь. Үүнээс гадна сөрөг хүчин болох Ардчилсан нам ч дүрмийн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн гишүүнээ хөөсөн.
Оюутолгойн хэрэгт нэр холбогдсон С.Баярцогтоос эхлээд намынхаа эсрэг ажилласан Н.Алтанхуяг, Ж.Батзанданг хөөлөө. Тэгвэл яг адилхан хэрэгт буюу С.Баярцогттой адилхан албан тушаалаа урвуулан ашигласан Ч.Сайханбилэгийнхээ толгойг илж суугаа С.Эрдэнэ дарга ч та муухай харагдаж байна.
Намын нэр хүнд гэж ярих ёстой юм бол Н.Алтанхуяг, Ж.Батзандангаас ч илүү Ц.Элбэгдорж танай намыг муухай харагдуулж байна. Дураа хүрэхээр Ардчилсан намын гишүүн болчихдог, дургүйгээ хүрэхээр “Гэр хорооллын хөгжил” хөдөлгөөнийг санхүүжүүлдэг, ардчилсан Ерөнхийлөгчийнхөө эсрэг өдөр бүхэн нийтлэл туурвиж, гүтгэж суугаа Э.Бат-Үүлээ ч гэсэн намаас бүрмөсөн явуулмаар байх юм. Ингэж байж л танай намд сахилга, хариуцлага тогтжээ гэдгийг хүлээн зөвшөөрч болно. Нам ялахад дуулаад гарч ирдэг атлаа ялагдахад нь өшиглөж байсан олон хүндээ хариуцлага ярь.
Ардчилсан намыг муухай харагдуулж авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон Я.Батсуурь, Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт ч хариуцлага ярих цаг нь болсон шүү. Сонгууль хаяанд ирсэн энэ цагт улс төрийн хоёр том намыг даргалж суугаа С.Эрдэнэ, У.Хүрэлсүх нарыг зангарагтай, чанартай дарга нар хэмээн олон нийт хүлээн зөвшөөрч байгаа. Тэр хүлээлтэд бүрэн нийцэхийн тулд та хоёр хамгийн түрүүнд авлигачдаас намаа салгаж, ард түмний дунд олж авсан нэрээ хадгалж үлдэх нь чухал байна даа.