УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч Дуламдоржийн Тогтохсүрэн 27014 саналаар, Содномын Чинзориг, 29073 саналаар, Гочоогийн Ганболд 21106 саналаар тус тус ялалт байгууллаа. Д.Тогтохсүрэнгийн хувьд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. 2016 оноос УИХ-ын гишүүн, 2018 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилладаг. С.Чинзориг эдийн засагч мэргэжилтэй, 1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна. Харин Г.Ганболд 1975 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. 1989-1993 онд Завхан аймгийн эдийн засгийн коллеж, 1993-1996 онд ШУТИС-д суралцаж, мөн 2004 онд Удирдлагын академийг төгссөн. Радио, холбооны инженер, төрийн удирдлагын менежер. Аймгийн холбооны газар, Скайтел ХХК, Засаг даргын тамгын газар, Өв АЗЗА төрийн өмчит компанид ажиллаж байсан. 2012-2016 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, 2016 оноос Өвөрхангай аймгийн Засаг дарга аж.