ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш ээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-12

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Батболдтой холбоотой мэдээлэл сүүлийн хэдэн өдөр хэвлэлүүдээр гарч байгаа билээ.  Тэгвэл тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах тайлбарыг хийжээ.  “Өнгөрсөн хорин жил намайг элдвээр л гүтгэсэн. Элдэв янзын гүтгэлэгт зөндөө л өртлөө. Ирэх жилийн сонгуулийг угтаад өнөөдөр ээлжит нэг гүтгэлгийн ажил эхэлж байгаа юм болов уу. Монголын төрийн өмчит компаниуд намайг гадны шүүхэд өгсөн мэтээр бичсэн байна лээ. Гадны нэгэн хуулийн компани “Монголын Засгийн газар надад төлөөлөх эрх өгсөн” гээд Америкийн шүүхэд хандсан юм билээ. Монголын Засгийн газар өөрийн иргэнээ гадны шүүхэд өгөх үү, өгч байсан түүх бий юу? Улсынхаа хуулийн байгууллагаараа шалгадаг биз дээ. Би энэ асуудлаар Засгийн газарт хандаж нотолгоо авсан. Энэ маргаанд дурдагдаад байгаа Эрдэнэт, Эрдэнэс Оюу толгой компани, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас миний эсрэг ямар нэгэн гомдол гадаадын болон дотоодын байгууллагад гаргаж өгөөгүй гэсэн. Тэгэхээр Засгийн газар намайг гадна дотнын шүүхэд өглөө гэдэг нь илт худал, гүжир гүтгэлэг юм.

Би төрөөс төрсөн тэрбумтан биш ээ. Улс төрд орж ирэхээсээ өмнө улсад томоохон татвар төлөгч бизнесийг босгосон байсан. Одоо бол хэдэн арван тэрбумаар татвар төлдөг, 3000 шахам хүнийг шууд болон шууд бусаар ажлын байраар хангаж байгаа олон нийтийн нүдэнд ил тод, шударга бизнестэй. Надаар зөндөө оролдлоо. Өчнөөн олон удаа шалгуулсан. Тэгэхдээ бүгд л намайг бизнесийн орлогоороо амьдардаг гэдгийг эрх биш мэдэж байгаа. Энэ бүгд олны нүдэн дээр ил юм даа. Одоо болоо юм биш үү дээ” хэмээжээ.