ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Оюутолгой төсөлд Монголын эрх ашгийг хангуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-22

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг Хуульзүйн сайд Х.Нямбаатар Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчийн хувиар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Энэ талаар болон Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр Х.Нямбаатар сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр өргөн барьсан. Өнөөдөр түр хороо хуралдах товтой байгаа. Дүгнэлтээ амжиж гаргасан тохиолдолд маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Тус тогтоолын төсөл нь гурван заалттай бөгөөд нэгдүгээр заалтад: 

-Оюутолгойн Монголын талд ногдох 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх.

-Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах, дуусгах

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд аудит оруулах

-Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа буюу 2022 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацааны нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал хариуцаж, “Эрдэнэс Оюутолгой” компанид нэмэлт өр үүсгэхгүй байх

-Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монголын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаарах

-Татварын актын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлголтыг цэгцлэх гэсэн зургаан асуудлыг нэгдүгээрт заалтад орууллаа. Хоёрдугаар заалтад, дээрх зургаан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж дууссанаар 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэж үзнэ гэж тусгалаа” хэмээлээ.

УИХ-аар Засгийн газарт эрх олгох тогтоолын төсөл батлагдсаны дараа эдгээр зургаан зүйл заалтыг хэрэгжүүлэх арав гаруй бодлогын баримт бичгийг мөн боловсруулах бөгөөд үүний араас зургаан сарын хугацаанд татварын маргаантай холбоотой Арбитрын шүүхэд очсон асуудлыг эвийн журмаар шийдэх, цаашдаа татварын асуудлаар нэгдсэн ойлголттой болох, дотоодоос эрчим хүч авах гэрээ хэлцлүүдийг хөрөнгө оруулагч талтай хийхээр ярьж байгааг мөн дуулгав. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хувьд өр тэглэх, далд уурхайн гэрээг цуцлах, эрчим хүчийг дотоодоос авах гэрээний төслүүд дээр техникийн засвар хийж, энэ долоо хоногт харин УИХ-д өргөн барьж байна гэв.