БНСУ-д ажиллаж, амьдардаг байсан залуу гэртээ амиа алдаж, өмхийрсөн цогцсыг нь 20 хоногийн дараа олсон гэх хэргийн талаарх мэдээлэл сошиал орчинд гараад буй. Залуу тус улсад ажиллаж байхдаа захирлаасаа 12 сая воны цалингаа авч чадаагүй бөгөөд солонгос захирал нь гурван залуугийн хамт ирж зодож гэмтээсэн гэх асуудал ч яригдаж байгаа гэх.
Тэгвэл энэ хэрэг хэзээ болсон, яагаад БНСУ-д суугаа Элчин сайдын яам анхаарал хандуулахгүй байгааг ГХЯ-наас тодруулав. Гадаад харилцааны яамны эх сурвалж “Энэ хэрэг нь өнгөрсөн жил гарсан. ГХЯ, Сөүл дэх ЭСЯ ажиллаж байна. Ар гэр нь Солонгосын хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгсөн. Хэрэг нээгээд шалгаж байгаа. Консулын газар байнга холбоотой ажиллаж байна. Консулын хэлтсийн ажилтан н.Оюун-Эрдэнэ эгч н.Болормаатай нь хамт мэдүүлэг өгөх, цагдаагийн байгууллагад хамт очих зэргээр байнга цуг явж байгаа. Мөн өргөдөл гомдлыг нь уламжлан ажиллаж байна. Эгч нь манай талд ямар нэг гомдол саналтай гэж хэлээгүй. Яагаад буруу зөрүү мэдээлэл өгөөд байгааг мэдэхгүй юм.
Манай яам шарилыг нь авчрахад иргэдэд туслах сангаас дэмжлэг үзүүлсэн. Мөн ар гэрийнхнийг нь солонгос явахад дэмжлэг үзүүлсэн. Талийгаач нь гэрээсээ нас барсан байдалтай олдсон бөгөөд солонгос эзэд нь зодсон эсэхийг шалгаж байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.