ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН, Р.Бурмаа хоёрын хэн нь буруутай вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-28

Хэнтийчүүд азгүй юм. Улсын наадмын торгон дэвжээнд манлайлж явсан ч улс төрд “од нь гийж”, тод гэрэлтээгүй Б.Бат-Эрдэнэ аваргыг УИХ-д төлөөллөө болгож явуулснаас хойш л энэ аймгийг улстөрчийн тэнгэр хаясан бололтой. Эмэгтэй улстөрчдийн төлөөлөл болох экс гишүүн Д.Арвин ч өр лүү нь өшиглөчихөөд Баянзүрх дүүрэгт вант улсаа байгуулахаар давхиж одсон түүх бас бий. Хамгийн сүүлд сонгож явуулсан залуу улстөрч нь харин хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж, гишүүний суудлаасаа буулаа. Хэзээ хэзээнээс л улстөрчийн сонголтоо буруу хийж байсан хэнтийчүүд энэ удаа бүр төрд төлөөлөх улстөрчгүй болж үлдэх нөхцөл байдал бий болоотхов. Учир нь Д.Гантулга гишүүний орыг залгаж, хэнтийчүүдийн төлөөлөл болж суух УИХ-ын гишүүнийг сонгох учиртай нөхөн сонгуулийн тов нэг жилээр хойшлох нөхцөл байдал бий болжээ.

Дээд шүүхэд бүртгэлтэй 13 намын дарга өрсөлдсөн, мөн тооны бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлсэн түүхэнд бичигдэх нөхөн сонгууль болно гэсэн хүлээлт ч талаар өнгөрч байх шиг. Ардчилсан парламенттай болсон 28 жилийн хугацаанд ямар ч нөхөн сонгуульд ийм олон нэр дэвшигч өрсөлдөж байсан түүх байхгүй биз. Угтаа улс төрийн хоёр гол хүчин болох АН, МАН-ын аль аль нь санал хуваах үүднээс парламентад суудалгүй намуудыг хоёр талцуулан хувааж авчихаад “тулалдах” нөхцөл байдал бий болоод байлаа. За энэ ч яах вэ, өнгөрсөн асуудал. Хамгийн гол нь нөхөн сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал юу байв гэдэг л энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн шүүрэх гол сэдэв болчихоод байгаа юм. Улс төрийн нам, бие даагчид хүртэл улстөржсөн мэдэгдэл хийж, “Би яг нөхөн сонгуульд орж ялах гэж байхад МАН, АН айчихлаа. Энэ бол ард түмний сонголт болох байсан” хэмээн пиардаж суугаа.

Нөхөн сонгуулийг аравдугаар сарын  07-нд зарлах ёстой гэсэн УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн шийдвэр хэнтийчүүдийг 2020 оны сонгууль хүртэл УИХ-д хоёрхон төлөөлөлтэй байх шалтгаан болох нь. С.Мөнхцэцэг, Н.Оюун нарын иргэдээс ирүүлсэн гомдлыг Цэц хянаж үзээд, УИХ-ын гаргасан тогтоол нь Үндсэн хуулийг зөрчжээ гэж үзлээ. Энгийнээр тайлбарлавал төрийн албан хаагч Нараа, Сараа энэ сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байжээ. Гэтэл төр сонгох, сонгогдох эрхийг нь шууд зөрчсөн, мөн “Үндсэн хуульд төрийн гаргасан бүх шийдвэр бүрэн нийцэх ёстой” гэсэн Үндсэн хуулийн 70.1 дэх заалтыг зөрчиж, улмаар нөхөн сонгуулийг нэгхэн сарын хугацаанд товлоод, шууд явуулахаар санаархлаа хэмээн Цэцэд хандсан юм. Харин Сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөхийг хүсч байвал зургаан сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх ёстой гэж заасныг ч УИХ зөрчжээ. Мөн нөхөн сонгуулийг тухайн оны аравдугаар болон зургадугаар сарын эхний ням гарагт хийх ёстой гэж хатуу тусгаад өгчихсөн байдаг. УИХ уг нь хуулиа дагаж аравдугаар сарын эхний долоо хоногт зарласан ч төрийн албан хаагч нэр дэвшихийн тулд ажлаас чөлөөлөгдөх ёстой гэсэн өөр нэг заалтыг таг мартчихсан гэсэн үг.

Ийм л бантанг улстөрчид зуурч орхичихоод хаврын чуулганаа завсарлуулж, найр наадам хэсээд олдохгүй байгаа аж. Хуулиа дагаж мөрддөг шударга иргэний хувьд УИХ-ын гаргасан шийдвэр байж боломгүй алдаа, нийт төрийн албан хаагчдын эрхийг зөрчсөн ноцтой асуудал. Цэцэд хүсэлт гаргасан С.Мөнхцэцэг ч ингэж тайлбарлаж, үндэслэлээ хамгаалсан юм билээ. Тэрбээр, “Би тухайлбал нэр дэвшмээр байна. Гэтэл төрийн албан хаагч нэр дэвших эрхийг хаачихлаа” гэсэн утгатай үг хэлжээ. Харин үүнийг нь буруутгах, нэг намын захиалгаар ажилласан гэсэн хардлага намын дарга нар, улс төр судлаачид, хуульч нараас гарч эхэллээ. Тухайлбал, “Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч, хуульч Б.Мэргэн “Хэнтийн нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд мэдээлэл гаргасан С.Мөнхцэцэг өөрийгөө төрийн албан хаагч учраас нэр дэвшиж чадахгүй болсон нь сонгогдох эрх зөрчигдөж байна гэсэн. Тэгээд “Хэзээнээс улс төрд орох, нэр дэвших тухай бодож эхэлсэн бэ” гэсэн Цэцийн гишүүний асуултад “Дөрвөн жил тутам сонгууль болсны дараа төрийн албан хаагчид халагдах эрсдэлд ордог. Би ч хохирогч болж байсан.

Тиймээс халагдахгүйн тулд өөрөө гишүүн болчихъё гэж эртнээс бодох болсон гэв” хэмээн өөрийн нүүр номондоо бичсэн байв. Мөн АН, ИЗНН, МНН, ХҮН, МҮАН-ын дарга нар ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН-ын захиалга” хэмээн дүгнэснээ ч нуугаагүй. Цэцийн дээр хөх тэнгэр биш улс төрийн нам, хүчин суучихсан гэдэгт бат итгэлтэй болсноо ч тэд ярьсан байх юм. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энд арай өөр тайлбар хийлээ. МАН нөхөн сонгуульд оролцох бэлтгэлээ базааж, бүр ялна гэсэн итгэлтэй байсан аж. Гэвч экс гишүүн Р.Бурмаагийн баталсан хуульд “Нөхөн сонгуулийг тухайн жилийнхээ арав, эсвэл зургадугаар сарын эхний ням гарагт явуулна” хэмээн хатуу заачихсан. Тиймээс Цэц нэгэнт шийдвэр гаргасан учраас ирэх жилийн зургадугаар сарыг хүлээхээс өөр аргагүй гэсэн тайлбар өгөв. Нэг үгээр хэлбэл, МАН нөхөн сонгууль хойшилсон бурууг Р.Бурмаад тохчихлоо. УИХ-д 65 суудалтай МАН-ынхан хуулиа маш сайн мөрдөж аравдугаар сарын эхний ням гарагт зарласан хэрэг л дээ. Харин өөр нэг чухал заалт болох “Төрийн албан хаагч нэр дэвшихийн тулд зургаан сарын өмнө ажлаа өгнө” гэх заалтыг хэнэггүй байдлаасаа болж мартав уу, эсвэл хэн нэгэнд үлдээж санаатай орхив уу гэдэг бас л сонихон.

Хэрвээ МАН хүссэн бол Цэцийн гаргасан шийдвэрийг аравдугаар сар гарахаас өмнө ээлжит бус чуулган зарлаж хэлэлцээд, хүсвэл Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулчих боломж бий. Энэ байтугай асуудлыг өдрийн дотор хэлэлцээд өөрчилж чаддаг улс. Гэвч хүсэл тэдэнд байсангүй. “Намрын чуулганы нээлт хүлээнэ ээ, ирц бүрдэхгүй хэцүү байна аа” хэмээн хөмсөг зангидаж суусаар аравдугаар сар гаргаж чуулганаа хуралдуулах нь нэгэнт тодорхой байна. Ингэснээр Цэцийн шийдвэр дашийн шог болж, хэнтийчүүдийн цөөнгүй хэсэг нь төрд төлөөлөлгүй бүтэн жил болох юм. УИХ хуралдаж Цэцийн шийдвэрийг хүлээж авсан тохиолдолд Сонгуулийн хуулийг өөрчлөх учиртай. Хүлээж авахгүй бол Цэц дахиад хуралдана. Бүр Их суудлын хуралдаан зарлана.

Ингэж бантан хутгаж явсаар ирэх сонгууль хүргэх сонирхол сөрөг хүчин, парламентад суудалгүй намууд гэхээс илүү эрх баригчдад байгаа гэдэг нь нуух аргагүй үнэн л дээ. Д.Амарбаясгалан генсекийн хэлсэн шиг “МАН нөхөн сонгуульд маргааш ч хамаагүй оролцоод ялна” гэсэн итгэл одоогоор алга. Улс төрийн нөхцөл байдал, нам доторх уур амьсгал таагүй болсон энэ үед бүлэг фракцийн зөрчил ч чинээндээ тулчихлаа. Нам дотроо зөрчилдөөнтэй хэвээр нөхөн сонгуульд орлоо гэхэд ялагдах магадлал 50-иас дээш хувьтай. Хэрвээ ялагдвал 2020 онд МАН-ынхан хуйгаараа ялагдах суурь тавигдах учраас сонгуулийг хойшлуулах эрх ашиг юу юунаас илүү эрх баригч намд байгаа. Тиймдээ ч хаана ажиллаж, юу хийж яваа нь мэдэхгүй экс гишүүн Р.Бурмааг энэ завхралдаа буруутгаж, түүнээс алдааг хайх нь эрх баригч 64 улстөрчийн гаргах ёсзүй лав биш юмсан. МАН, Р.Бурмаа хоёрын хэн буруутайг шүүхээс илүүтэй, нөхөн сонгуулийн тойрсон зөрчлийг арилгах нь юу юунаас чухал болчихоод байна.