ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагдагчаар татагдсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-24

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх тухай танилцуулгыг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Засгийн газраас ХНХ-ын сайд Т.Аюурсайхан чөлөөлж байна. Ерөнхий сайдын бүрэн эрх биз ээ. Т.Аюурсайхан сайд та юу хийв. Энэ хүнээ яагаад чөлөөлж байгаагаа тайлбарлахгүй юу?

УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан: Засгийн газрын гишүүн,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх  хүсэлтээ Ерөнхий сайдад өөрөө өгсөн. Нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа.  Хамгийн чухал нь хууль эрх зүйн орчны шинэчлэл байлаа. Гол нь Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчлэл байв. Хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэж, эхлэх гэж байна. Цаашид хийх олон ажил байлаа. Гэвч тодорхой зохион байгуулалттайгаар миний эсрэг гүтгэлэг, дайралт, доромжлол бий болгосон. Янз бүрийн хүмүүс зохион байгуулсан нь эхнээсээ ил болж байна. Маш их санхүүжилт, хөрөнгө мөнгө гаргасан байна.

Олон нийтийн мэдээлэлд үндэслэн хуулийн байгууллага прокурорын газраас надад хэрэг үүсгэсэн. Миний зүгээс удаа дараа мэдэгдэл хийсэн. Нүүрсний хулгайн хэрэгт би холбоогүй. Прокурорын газраас гаргасан дүгнэлттэй би санал нийлэхгүй.

Тиймээс хуулийн үндэслэлгүй гэж үзэж шат шатанд нь гомдол гаргахаар, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд шалгуулахыг хүсэж байна. Зохиомол хэрэг гэж сонсож байснаас хэтрэхгүй. Үүнийг хуульч гишүүд маш сайн мэдэж байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Монгол Улсын экспортын 93 хувь уул уурхайн цөөхөн хэдхэн бүтээгдэхүүнээр хэмжигддэг. Шууд хэлэхэд, нүүрс, зэсийн хоёр том бүлэглэлтэй болсон. Бүгдийг нь худалдан авч, улс төрийг барьцаалах гэсэн хэсэг нөхөд гарч ирсэн. Энэ нь нууц биш. Өнгөрсөн хугацааны санхүүжилтийг тэд гаргаж, шүүхэд хүртэл нөлөөлж байна. Бид цаашаа явахын тулд нүүрс, зэс дагасан мафийг ил болгохоос аргагүй. Төрийн ордонд биш гадаах байшинд тэд энэ бүхнийг хийдэг. Төрийн албан хаагчид архи хундагалаад зогсож байдаг ийм зүйл рүү бид халтирсан. 

Ингэснээр төсөв хэрхэн давж биелж байгаа биелэлтийг хараарай. Биржээр гарахад хүндрэл гарч байна. Ил далд олон асуудал үүсч байгаа. Гэхдээ бид ингэж байж асуудлыг цэгцэлнэ. Цаашлаад эдийн засаг төрөлжинө. 15-20 жилийн хугацаанд энэ хоёр бүтээгдэхүүн ил тод байхгүй бол шударга ёс ярихад хүнд байна.  Энэ нөхцөл байдлыг өөрчилье.

Энд МАН байна уу, АН байна уу хамаагүй. Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагдагчаар татагдсан. Энэ явж байгаа үзэл санааг дэмжиж байна, ажлаа өгөөд шалгуулъя гэсэн. Би ч бүлэг дээрээ “Хэрвээ ямар нэг зүйлд холбогдвол ажлаа өгөөд шалгуулаарай” гэсэн. Аалзны тор шиг хэрчихсэн байгаа авлигачдын торыг тасалж байж, чөлөөт өрсөлдөөний тухай ярих боломжтой болох юм. Энэ бүхнийг дэмжиж ажиллаарай гэж таниас хүсье, Д.Ганбат гишүүн ээ. Өнгөрсөн хугацаанд буюу Хөгжлийн банк, Эрдэнэтийн хулгай бүгд танай намын буюу Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын үед бий болсон асуудал. Энэ бантанг арилгах гэж би үйлээ үзэж байна.