ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-24

1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны Өдөр” болгон зарлан тунхаглаж дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэж ирсэн. 

НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг бөгөөд дэлхийн хүн амын хоёр тэрбум хүн буюу дөрвөн хүн тутмын нэг нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байгаа аж. Харин Монгол Улсад дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсуудын нэг юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтож, олон гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэж буйг олон судалгааны дүнгээс харж болно.

Иймд Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 2023 оны гуравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганд хэлсэн үгэндээ, "Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаад онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй" гэдгийг онцоллоо.

2030 он хүртэл усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, ард иргэдэд усны зохистой, хэмнэлттэй хэрэглээний соёл дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээнүүдийг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэх замаар усны нөөц хамгаалах, нөхөн сэргээхэд бүх нийтээрээ анхаарч ажиллахыг уриалав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сэдвийг маш их анхаарч 2022 оны арваннэгдүгээр сард Египет улсын Шарм Эль-Шейх хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн уулзалтад оролцохдоо Монгол Улсыг Европын холбооны “Ойн түншлэл”-д нэгдсэн Ази тивийн анхны улс болгосон билээ.

Мөн НҮБ-ын индэрт “Манай улс ойрын 10 жилдээ буюу 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулна” гэсэн амлалт өгсөн нь нийт газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд орсон Монгол Улсын хувьд чухам нүдээ олсон амлалт боллоо. Ерөнхийлөгчийн өгсөн том амлалтыг “Зууныг эхлүүлэх зургаан том бодлого”-ынхоо нэгээр нэрлэжээ. “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийг Монгол Улсын урт хугацааны хөгжилд тусган ажил хэрэг болгож эхлэв.

Улс орнууд цөлжилт, дэлхийн дулааралтай тэмцэх аян өрнүүлж, хэд хэдэн тэрбумаар нь мод тарих хөтөлбөрүүдийг олон жилийн өмнөөс зарлан, хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өмнөд хөрш Хятад улс л гэхэд 20 жилийн өмнөөс 100 тэрбум мод тарих хөтөлбөр эхлүүлсэн. Веьтнам улс 2025 онд нэг тэрбум мод ургуулах амлалтандаа хүрнэ.

Пакистан улс 2024 он хүртэл 10 тэрбум мод, Этиоп улс 2024 он хүртэл 20 тэрбум мод тарьж ургуулна гэх мэтээр дэлхийн улс орнууд байгаль орчны нөхөн сэргээлтэнд анхаараад эхэлчихжээ. Монгол Улс хэтэрхий хожуу эхэлсэн байж болох ч “Тэрбум мод” хөтөлбөр олон орны удирдагчдын талархлыг хүлээж, дэлхийн удирдагчид Монголыг зүглэх шалтгаан болж байна.

Ус, агаар орчны бохирдолтой тэмцэхийн тулд мод тарих болсон шалтгааныг нэрлэе.

-80 жилийн хугацаанд Монголын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 3 дахин өндөр үзүүлэлт.

-Газар нутгийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн. Ган зуд, ой хээрийн түймэр, гамшигт үзэгдлийн давтамж 20 жилд 2 дахин нэмэгдсэн.

-Дулаарал, чийгний хомсдолоос үүдэн үр тарианы ургац 25-30 хувиар буурсан. Хөрсний элэгдэл, доройтол 3 дахин эрчимжиж болзошгүй.

-2020 онд гэхэд 1 жилийн дотор 116 гол горхи, 180 нуур, тойром, 381 булаг шанд ширгэсэн.

-Байгалийн гамшигт үзэгдлээс үүдэн сүүлийн 10 жилд 1.6 их наядын хохирол учирчээ.

Тэгвэл богино болон урт хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ.

-“Хөх морь” төслийг хэрэгжүүлснээр гадаргын ус нөөцлөх, говийн бүсэд усан сан үүсгэх замаар Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийг хэрэгжүүлэх юм. Төсөл 2019 онд эхэлсэн бөгөөд “Хэрлэн говь”, “Орхон говь”, “Туул говь”, “Орхон Онги” усан цогцолбороос гадна ТЭЗҮ  нь бэлэн болсон Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС, Шүрэнгийн болон Чаргайтын УЦС гэсэн төслүүд багтжээ. Төслөөр томоохон 12 гол дээр 33 хөндлүүрт боомт барьж ус хуримтлуулна.

-“Тэрбум мод” хөтөлбөрийг бүх талаар дэмжиж, мод тарьж ургуулсан иргэн аж ахуйн нэгжийг татвараар дэмжих, эрхзүйн шинэчлэл эхлүүлнэ. 2020 оноос ойжуулалт болон арчилж ургуулах зардлыг 2-5 дахин нэмэгдүүлснийг үргэлжлүүлнэ.

-Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт эрчимтэй хийх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх, Сум, дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарьж ургуулах, арчлах ойн агентлагийг тусгайлан шинээр байгуулах, жил бүр ДНБ-ий нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, орчин үеийн арга технологийг нэвтрүүлэн ашиглана.

-Хог хаягдлыг дахин боловсруулах, байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүд байгуулна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар бүх төрлийн хог хаягдал боловсруулах 34 үйлдвэр бүртгэлтэй байдгаас хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах  17 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг.