ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Чинзориг: Төр, хувийн хэвшил гэж ялгахгүй дэмжиж ажиллана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-24

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын Хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагад тулгамдаж буй асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсч эхлээд байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “13а маягтыг хувийн эмнэлгүүд ч бичиж байгаа. Харин 13а маягтыг цахимжуулж болно. Түүнээс алга болгож болохгүй. Заавал төрөлжсөн эмнэлгүүдэд үйлчлүүлээд явах боломжийг хангана.

Цаашид Эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулна. Хууль эрхзүйн орчныг улам сайжруулна. Цаашид төр, хувь гэхгүй эмнэлгүүдтэй хамтарч ажиллах ёстой. Ачааллыг жигдэлж, ажиллах юм. Харин миний хувьд хувийн хэвшлийг хавчиж гадуурхсан зүйл байхгүй” гэв. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Орон нутагт суурь цалинг нь нэмэхгүй бол  ажиллах хүн үгүй байна. Мөн өрхийн эмнэлэг ялгаагүй байна. Цахим мэдээлэлд мөн анхаарахыг сануулав. Хариуд нь Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Цахим эрүүл мэндийн асуудал хүнд байна. Дэлхийн банктай төсөл хэрэгжүүлж байсан. Төсөлт хангалтгүй байна гээд төслөө зогсоосон. Одооноос Цахим хөгжлийн яамтай хамтраад ажиллаж байна” гэсэн юм.  

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "С.Чинзориг сайд аа. Хандлага болоод бодлогын өөрчлөлт эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байна.Орон нутагт болон өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн салбар хүнд байна. Тиймээс асуулга тавьсан юм. Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт шаардлагатай байна. Давхар хувийн хэвшлээ дэмжээч ээ. Эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа үйлчилгээ хангалтгүй байна. Орон нутагт үнэхээр хэцүү байна. Эрүүл мэндийн үйлчилгээг авах 13а нэхдэг байдлыг болиулж өгөөч ээ. Энэ бичигнээс болж, маш их чирэгдэл үүсгэж байна. Үүнийг цахимаар шуурхай шийдэж өгөөч" гэв.