Их Эзэн Чингис хаан “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр надад сануулж бай” хэмээн захидаг байсан шиг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өр зээл төлсөн бичгээ өглөө бүр бидэндээ сануулдаг болоод уджээ. Санаа нь зөв юм, хөөрхий. “Улсын төсөв эхний долоон сарын гүйцэтгэлээр ашигтай гарлаа, эдийн засаг сэргэж идэвхжил нэмэгдэж байна. АН-ын тавьсан бондын өрийг төлчихлөө. Өглөө бүр санах үүднээс өрөөнийхөө буланд өрийн бичгээ өлгөчихлөө” хэмээн шоудаж суугаа. Янзын “гоё” дэглэсэн яамны шинэхэн сайтаар зочлоход л өр нэмэгдэж, хасагдаж буйг цаг минуттай нь гаргаад тавьчихаж. Хүрлээ сайд ч худлаа яриад байгаа юм биш л дээ. Бондын өрөө бид хуваарь ёсоор төлж байгаа юу гэвэл тийм. Төлөхөөс ч өөр сонголтгүй болсон. Улсын төсөв ашигтай гарч, эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай гарлаа. Муугүй л өсөлт. Уул уурхайгаас орж ирэх орлого тэнгэрт тулж, эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрч байсан галзуурлын үетэй харьцуулахад бага тоо шүү. Гэсэн ч уналт эргэж ирсэн 2012-2016 онуудтай харьцуулахад аз нь гийсэн үед сайдаар ажиллаж байгаа гэдгээ өглөө бүр өөртөө сануулж байвал бас зүгээр байх. МАН-ын 65 улстөрч үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засагт олон талаас амь тариа орж ирлээ. Сайд дарга нар ч айлчлал бүрээрээ мөнгө гуйж байсан. ОУВС-гийн хөтөлбөрийг зургаа дахь удаагаа авсан цаг үе давхцав. 2019 оны сүүлээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тэрбум ам.долларын санхүүжилт донор орон болон олон улсын байгууллагуудаас орж ирнэ. Уул уурхай тэр дундаа алт, зэсийн үнэ гурван жилийн хугацаанд байнгын өсөлттэй явж ирлээ.
Оюутолгойн төсөл хэрүүл тэмцэлтэй ч гэсэн хөдөлж байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлтөө дагаад цалин өсч, иргэдийн амьжиргаа дээшилж, ядуурлаас гарч, ажилгүйдэл буурсан уу гэвэл NO. 2014 оноос хойш нэг ч удаа цалин нэмээгүй атлаа үнийн өсөлт нь хэдийнэ хол тасарчихав. Эдийн засагчдын хэлж буйгаар бодит цалингийн индекс 117 атлаа, хэрэглээний үнийн индекс нь 169 болчихоод байгаа юм. Энгийнээр хэлбэл, дөрвөн жилийн өмнө 400 мянган төгрөгийн цалин авч байсан Доржийн дэлгүүрээс 1000 төгрөгөөр авч байсан шүдний оо өдгөө 4500 төгрөг хүрчихжээ. Харин Доржийн цалин өнөөх л 400 мянган төгрөг хэвээрээ. Эдийн засгийн өсөлт, зэс, алтны өндөр үнэ шүдний ооны үнийг хөөрөгдсөнөөс биш цалин болж, түрийвчинд нь орсонгүй. Хэдхэн хоногийн өмнө Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийсэн юм. ДНБ-ий өсөлт 14.8 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөг буюу 13 хувиар өслөө гэсэн гэгээн сайхан мэдээ дуулгав. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны шинжээчид 2018 онд ДНБ-ий өсөлт 6.3 хувьд хүрч төсөөллөөс давлаа хэмээн мэдэгдсэн. Тэр ч байтугай 2019 онд уул уурхайн өсөлтөөс шалтгаалж “найман хувиас өндөр байна” гэсэн өөдрөг үзлээ танилцуулж байсан нь саяхных. Тэгвэл статистикийн өөр нэг мэдээлэл нь энэ бүх гайхамшигт өсөлт бодит үнэн үү, эсвэл хийсвэр үү гэдгийг бэлхнээ хэлээд өглөө. Ажилгүй хэмээн бүртгүүлж буй иргэдийн 46.9 хувь нь ажлаас халагдсан иргэд байна гэсэн гунигтай мэдээ дуулгалаа. Баян ядуугийн ялгаа бараг найм дахин ихэсч /2015 онд энэ тоо тав дахин их байсан/, баялгийн тэгш бус хуваарилалт чинээндээ тулсан цаг үед бид өглөө бүр өрийн бичгээ санаж, Сангийн сайдынхаа сайхан жиргээгээр голоо зогоосоор энэ хүрчээ.
Маргааш яах вэ?
Энэ асуултад харин Сангийн сайд байтугай эдийн засагчид ч хариулж чадахгүй байгаа юм билээ. Монголын эдийн засагт амь тариа болж байсан ОУВС-гийн хөтөлбөр дуусвал бид хэрхэх бол. Алт, зэсийн үнэ ирэх жилүүдэд уналтад орох нь өдөр бүр унаж байгаа тоон мэдээллээс харагдаж байна. Олон жил хүлээлтэд байсан Тавантолгойн 30 хувиар олон улсын хөрөнгийн биржид IPO гаргаж, Оюутолгойн ордоос овойж оцойтлоо ашиг хүртэнэ гэсэн үлгэр хаврын хавсаргатай хамт хаашаа ч юм хийсчихэж. Харин манай сайд өглөө бүр өөдрөг жиргээ, өрийн бичиг хоёроо сануулсаар л байгаа. Бүр Японы хэвлэлд гарсан улсынхаа эдийн засгийн дампуурлын тоог “андуурсан байна” хэмээн мэлзэхээ мартсангүй. Тэр хүний ухаан санаанд 2019 оны эдийн засгийн уналт, сонгууль болох 2020 оны “дампуурлын” тухай бодол алга. Гоё сайтынхаа гоё тоогоор л голоо зогоож яваа. Зах зээлд эзнээ хүлээж буй 35 мянган орон сууц хэзээ борлогдож, яндангийн тоо буурахыг ч бас хэлж мэдэхгүй. Найман хувийн зээлийг банкууд хэзээ эргэж хэвийн олгож эхлэх талаар өгөх хариулт ч байхгүй гэдэгт мөрийцсөн ч болж байна.
Гурван хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 30 хувийг ядуурлаас гаргах аргаа ч бас ухаарахгүй явах шиг. Ажилгүйдлийн төвшин МАН засаг барьсан 2016 оноос хойш /8.6 хувь байсан/ тогтмол өсч өдгөө 9.8 хувьд хүрчээ. Эдгээр тоонуудад хариу барих аргаа тэр хэдийнэ бэлтгэчихсэн суугаа нь дамжиггүй. Гэвч уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг солонгоруулах ажлаа та хэзээ хийх вэ, сайд аа. Намрын чуулган эхэлсэн даруйд орж ирэх төсөвтөө “гоё” мөрөөдлөө л битгий тусгаарай, гуйя. Улсын мөнгө санхүүг атгаж суугаа хүний хувьд таниас мөрөөдөл биш бодит үнэнийг нэхээд байгаа хэрэг юм. Өөр бодол алга. Улсын төсөв улайсч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан тохиолдолд дараагийн гарц нь юу байхыг таниас асуух хүн олон байгаа. Эдийн засагчид нь ирээдүйдээ санаа зовниж эхэллээ. Энэ хэвээр яваад байвал Грекийн араас орох нь ээ хэмээн хэвлэлүүд ч муугаар зөгнөж эхлэв. Монгол хүн “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг л дээ. Сайд тань шиг сайхныг зөгнөж, өөдрөгөөр бодох хүсэл байв ч талх, бензин авах болгондоо л сэтгэлээр унах юм аа. Бид яах вэ, маргааш яах бол гэдэг асуултад хариулт авахыг эрхгүй хүсэх боллоо. Ийм л энгийн зүйлд та, таны шадар цэргүүд хариулт өгч чадахгүй байна.
Тэгсэн атлаа өмнөхөө үгүйсгэж, өөрсдийгөө товойлгох ажлаа харин хамгийн сайн хийдэг. Уул уурхай нь уналтад орсон хэцүү цагт АН-ынхан харин ч энэ зэрэгт улсаа аваад үлдсэн нь их юм. Харин МАН засагласан хоёр жилд улсын хөгжилд түлхэц болох нэг ч болов үйлдвэр нээлтээ хийгээгүй нь үнэн биз дээ. Уул уурхайн том төсөл ч явсангүй. Зөвхөн тууз хайчиллаа, шав тавилаа. Хаа байсан 2019 онд хэрэгжих хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэрээ өнөөдөр танилцуулсны дүнд шүдний ооны үнэ хэдийнэ 5000 хүрчихжээ. Худлаа гэвэл та надтай хамт дэлгүүрээр ороод гарсан ч болно шүү. Атга гурилын үнээ ч ард түмэн дийлэхгүй болтлоо туйлдчихаад байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянга болголоо гэсэн сэтгэлийн хөөрөлтэй мэдэгдэл хэдэн аж ахуйн нэгж, хэчнээн үйлдвэрийг дампууруулахыг бодож байсан үзээгүй л байх. Төрийн дэмжлэггүй атлаа татвараар дарамтлуулж, мэргэжлийн хяналтын олон шалгуурыг давах гэж олсон хэдийгээ авлига, албан тушаалтны халаасанд хийж буй ядарсан хэдэн аж ахуйн нэгжид дарамт битгий болоосой, энэ шийдвэр. Сайдын хэлсэн шиг эдийн засагт өсөлт авчрах, иргэдийн амьжиргаа дээшлэх бодит шийдвэр болоосой хэмээн залбирч сууя, өөр юмгүй дээ.