ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Лу.Гантөмөр АН-ыг Ажнайд худалдав уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-28

Уналтын эцсийн шатандаа орсон АН-ыг Лу.Гантөмөр өөд нь татах болов уу гэсэн хүлээлт нийгэмд, намынханд нь ч байлаа. Тэр хэрээр сөрөг хүчний үүргээ ч биелүүлэх болов уу гэж найдаж байв. Гэвч санаснаар болсонгүй.

Анхнаасаа мордохын хазгай гэдэг шиг тамга, гэрчилгээний хэрүүлтэй эхэлсэн Лу-гийн АН-ыг толгойлж, өөд татах хөг ч өнгөрөв бололтой. Олны хүлээлт ч бүдгэрлээ. Одоо дахиад АН-ынхан даргын эрэлд гарах биз ээ. Сураагүй юм биш. Харин Лу.Гантөмөрийн хувьд олон фракцтай АН-ыг нэг удирдлага дор багтаах хэмжээний хүч, ухаан угаас дутах нэгэн гэдгээ сар гаруйн хугацаанд харуулчихав. Түүний улс төрийн туршлага, туулсан замнал ч үүнийг тодорхой илэрхийлнэ.

Олон ургалч үзэлтэй, бүгд шахуу ашиг сонирхолын зөрчилтэй, тахимаа амархан өгчихдөггүй АН-ын арга эвийг олоход Лу.Гантөмөр дэндүү зөөлдөх биз гэсэн үнэлэлт ч талаар болсонгүй. Улс төрийн хүрээлэл дунд сулбагар гишүүн гэж нэрийддэг байсан бөгөөд түүндээ багтах гэсэн шиг олигтой ахицгүй явсан хэвээр л байгаа. Түүний хувьд сүүлийн үед тамга, гэрчилгээний хэрүүлээ хойш тавьж, АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон гишүүнээ өмөөрөх хамгаалах, шуурхай ажиллагааг удирдаж байгаа бололтой. Тэр хэрээр мөнгөний нөлөө ч их бий гэх.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Өмнөговь аймгаас сонгогдсон “Ажнай” группээр овоглодог Д.Бат-Эрдэнэ нүүрсний хэргээр ялагдагчаар татагдсан бөгөөд хууль хяналтын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Тэгвэл намынхаа мөнгөтэй гишүүнийг өмөөрөх ажилд шуурхайлан орсноороо “Шударга ёсны төлөө тэмцэнэ” гэж амласан амлалтаасаа ухрав, тэр.

Ах намдаа өгсөн амлалтаа ч умартаж, нийгэмд шударга ёс тогтоох нөлөөллийн ажлаа ч болив. Намынхаа хэдэн гишүүнээр Д.Бат-Эрдэнэ гишүүнийг өмөөрүүлэх, суудалд нь авч үлдэх ажлыг зохион байгуулж буй бөгөөд саарал ордонд тэрбумын тохироо явагдаж байгаа тухай ч мэдээлэл сайтуудаар гарч байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос эхлэн ар араасаа мэдэгдэл хийж, Д.Бат-Эрдэнийг авч үлдэх тохироонд орсон гэдгээ нотлов, тэд. Бас болоогүй МАН-ын хэд хэдэн гишүүдийг эгнээндээ элсүүлж, кнопны тохиргоо хийсэн гэх мэдээлэл гарч эхэллээ. Харин энэ бүхний төлөвлөгөөг Лу.Гантөмөр удирдаж байгаа бөгөөд хүч дутвал нутгийн иргэдийг хөдөлгөж, жагсаал цуглаан хийнэ гэх.

АН-ын хэдэн гишүүдийн эвийг олж, улс төр хийж гэж зовж явснаас Ажнайд үйлчлэх нь илүү амар байгаа бололтой. Ингэж улаан цагаандаа гарч хамгаалсан ч гэлээ Д.Бат-Эрдэнэ явах нь тодорхой. Мөнгө байгаад ч хууль хяналтын овоо хараанаас гарахгүй. Тэрбээр, нүүрсний хэрэг болон жагсаал цуглааныг санхүүжүүлсэн, авлига албан тушаал гэх зэргээр хуулийн хариуцлага хүлээх биз ээ. Тэгэхээр Лу.Гантөмөрийн “Ажнай”-г авч үлдэх стратеги нуран унах нь тодорхой юм. Нүүрс, Хөгжлийн банк зэрэг авлигын хэрэгт төр жинхэнэ төмөр нүүрээ харуулж байхад тамга, гэрчилгээ ч байхгүй Лу.Гантөмөр хэдхэн хүнтэй нийлээд хуулийн эсрэг босно ч гэж юу байх билээ. Харин түүний оронд С.Эрдэнэтэйгээ учраа олж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай эв зүйгээ олсон бол арай дээр санагдана.