Өнөөдрийн нүүрсний сонсголд нүүрсний хулгай, С зөвшөөрөлтэй холбоотой авлига албан тушаалын хэрэг гарсан сүүлийн долоон жилд буюу 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байгаа Б.Гүрсоронзон гэрчээр дуудагдсан.
Гэвч тэрбээр гэрчээр дуудагдсан өдрөөс ердөө хоёр өдрийн дараа эмчилгээ хийлгэхээр гадаад улс руу явсан гэх шалтгаанаар оролцоогүй байна. Иймд санаатайгаар сонсголоос зайлсхийсэн гэж үзэн албан тушаалын хариуцлага тооцуулахаа УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэллээ.
Тэрбээр “Энэ бол Засгийн газрын байгууллагын этгээд УИХ-аас зохион байгуулж байгаа нүүрсний сонсголд санаатайгаар ирсэнгүй. УИХ болон ард түмний төлөөллийн дээд байгууллагад хүндэтгэлгүй хандаж байна. Гол асуултад хариулах ёстой байсан этгээд гадагшаа явсан гэдэг шалтгаанаар ирээгүй учраас энэ этгээдэд албан тушаалын хариуцлага тооцох асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газарт түр хорооны даргын хувьд албан ёсоор тавихаа мэдэгдэж байна” гэв.