Улсын Дээд шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хууль ёсны хувьцаа эзэмшигчийг “Монголын зэс” корпораци гэж үзэн, хоёр жил үргэлжилсэн маргаанд цэг тавилаа. Тэгвэл энэ болон бусад асуудлаар “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн ярилцлагыг хүргэж байна.
-Дээд шүүхийн шийдвэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргаан хууль эрхзүйн хувьд бүрэн эцэслэсэн гэж ойлгож болох уу?
-Улсын Дээд шүүхийн есдүгээр сарын 19-ний шийдвэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчидтэй холбоотой маргааныг бүрэн эцэслэлээ. Энэ маргаан анх 2017 оны гуравдугаар сарын 29-нд эхэлж, Засгийн газраас 14 дүгээр тэмдэглэл гаргасан. Тус баримт бичигт “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт (ТӨБЗГ) үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу ТӨБЗГ-ын албан тушаалтнууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, тус үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид мэдэгдэлгүйгээр шууд төрийн эзэмшилд авсан. Үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд амралтын өдрүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байдаг.
Үүнтэй холбоотойгоор 2017 оны дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдөр манай компани Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компани Засгийн газрын 14 дүгээр тэмдэглэл болон захиргааны зарим акт нь илт хууль бус гэж үзсэн. Учир нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшиж буй нь иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг зөрчих ямар нэг хуульзүйн үндэслэлгүй. Мөн Засгийн газар өөрийн эрх мэдлээс хэтэрсэн хэрэг шийдвэрлэж байна хэмээн бид үзсэн. Компанийн тухай хуулиар ТУЗ-ийн гишүүдийг томилох нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийддэг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 болон 49 хувийг эзэмшигчид хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэнэ гэсэн үг. Гэтэл Засгийн газрын 14 дүгээр тэмдэглэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн нь Компанийн тухай хууль зөрчсөн гэж үзэн, Иргэний шүүхэд гомдол гаргасан. Иргэний шүүх 2017 оны арванхоёрдугаар сард энэ маргааныг эцэслэн шийдвэрлээд, хувьцаа эзэмшигчдийн хурал нь хууль бус гэж үзсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийг оролцуулахгүйгээр, 51 хувийг эзэмшигчид хурал хийснийг шүүхээр тогтоосон. Энэ шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар хүлээн зөвшөөрч, 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчээр манай компанийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авч, мөн оны арванхоёрдугаар сард буцаагаад “Монголын зэс” корпорацийн мэдэлд шилжүүлсэн. Гэвч удалгүй 2018 оны нэгдүгээр сард Засгийн газар шинээр байгуулагдаж, шинэ тогтоол гаргаж, 49 хувийг буцаагаад төрд авсан. Тэгвэл Дээд шүүхийн уржигдар буюу 2018 оны есдүгээр сарын 19-ний шийдвэрээр Засгийн газрын 2017, 2018 оны тогтоолууд, түүнийг дагасан ТӨБЗГ-ын дүрэм, шийдвэрийг бүхэлд нь хууль бус гэж үзсэн.
-“Монголын зэс” корпорацийн хувьцаа эзэмшигчийн эрх эрхзүйн хувьд ийн баталгаажлаа. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар эрсдэл тулгарч магадгүй байна вэ?
-Захиргааны болон Иргэний хэргийн шүүхээс хоёр асуудлыг шийдсэн. Нэгдүгээрт, 2017 онд Улсын Дээд шүүхийн Иргэний танхимаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшигч нь “Монголын зэс” корпораци мөн гэдгийг нь баталсан. Мөн Засгийн газар хэлэлцээ хийлгүйгээр хувьцааг хууль бусаар шилжүүлсэн гэж дүгнэсэн билээ. Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүн бүр нэн даруй биелүүлэх үүрэгтэй. Энэ дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг манай компанийн нэр дээр нэн даруй бүртгэх үүрэгтэй. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурал зохион байгуулах нөхцөл бүрдэнэ. Эдгээр хурлаар, ялангуяа, хувьцаа эзэмшигчид хурлаар шийдэх шаардлагатай олон асуудал “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанид бий.
Өнгөрсөн оны оргил үетэй харьцуулахад олон улсын зах зээлд зэсийн ханш ойролцоогоор 1500 ам.доллараар унаад байна. Түүнчлэн Арбитрын шүүхээс эцсийн шийдвэр гарж Эрдэнэт үйлдвэр “Стандарт” банкны маш өндөр өр төлбөрт унаад байна. Энэ мэт асуудлыг компанийн эрх бүхий этгээд болох ТУЗ, хувьцаа эзэмшигчид шийдэх хуулийн заалттай. Түүнээс биш хэзээ ч парламент, засгийн газрын төвшинд ийм асуудал шийддэг жишиг олон улсад байхгүй.
Үүнийг Засгийн газар бие дааж эсвэл хөндлөнгийн этгээд дур мэдэн шийдвэрлэх эрхзүйн боломж байхгүй. Хэрэв хүч түрэн ийн шийдвэл энэ нь цаашид урт хугацаанд үргэлжлэх олон улсын маргаан руу хөтөлж, ноцтой үр дагавар авчрах эрсдэлтэй.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргаан үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “Монголын зэс” корпораци алдагдсан боломжийн өртгөө тооцвол багагүй дүн гарах болов уу?
-Манай компани санхүү, хуульзүйн зардал гээд алдагдсан боломжоо тооцсоор ирсэн. Маш их зардал гарч байгаа. Гэхдээ хамгийн харамсалтай нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Стандарт” банктай холбоотой асуудал улам даамжирч, 2008 оноос эхтэй энэ асуудал улс орны түвшний асуудал боллоо. 2016 оны зургадугаар сард “Монголын зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигч болсон. Гэтэл 2016 оны тавдугаар сард Арбитрын шүүхэд “Стандарт” банкинд 50 гаруй сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Мэдээж, “Жаст” компани уг төлбөрийг төлбөл хоёрдогч төлбөр төлөгч этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” үүнийг барагдуулахгүй.
Одоо “Стандарт” банкинд төлөх ёстой төлбөрийн хэмжээ бараг 300-гаад тэрбум төгрөг буюу 112 сая ам.долларт хүрээд байна. Энэ төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” төлбөл үйлдвэрт ажилчид, 51 хувийг эзэмшигч Монгол Улсын төр, иргэд, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж буй хэрэг. Олон улсын Арбитрын шүүх энэ хэрэг нь тодорхой хувь хүн, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болохыг тогтоосон. Харин үүнийг Монголын шүүхийн байгууллагаас эцэслэн баталгаажуулж, гэм буруутай этгээдүүдээс нь хохирлыг нөхөн төлүүлбэл “Эрдэнэт үйлдвэр” энэ хохирлыг төлөхгүй байх бүрэн боломжтой.
Үүнийг ч бид илэрхийлж байсан. Харамсалтай нь, 2016 оны 5 сард Арбитрын анхны шийдвэр гарахтай зэрэгцэн “Стандарт” банкны өр төлбөр анхаарал татаж эхлэх үед 2016 оны сүүлээр 49 хувийн эзэмшилтэй холбоотой маргаан дэгдсэн. Энэ маргаан үүсч, манай компанийн төлөөллийг ТУЗ-өөс гаргасан. Улмаар хууль бусаар ТУЗ байгуулж, “Стандарт” банкны өр төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлүүлэхээр хэлэлцсэн. Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, уг өр төлбөрийг төлөхөөр оролдож буй зэрэг нь энэ асуудал анхнаасаа зохион байгуулалттай, хариуцлагагүй асуудлыг дарах зорилгоор эхэлсэн байх магадлалтай.
Харин одоо “Монголын зэс” корпораци хуулийн дагуу ТУЗ байгуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх ашиг, цаашлаад 51 хувийг эзэмшиж буй иргэд, татвар төлөгчдийн эрх ашгийг эн тэргүүнд тавихаар ажиллана. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголын зэс” аль аль үндэсний компани. Бид цөөн албан тушаалтан, хэн нэг этгээдийг хаацайлахаас илүү үндэснийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллана. Үүний төлөө хууль зүйн бүх боломж бололцоог ашиглан ажиллана.
-Төрөөс 100 хувь томилогдсон ТУЗ хэд хэдэн удаа хуралдаж шийдвэр гаргасан. Эрхзүйн чадамжгүй ТУЗ-ийн гаргасан шийдвэрүүдийг цаашид хэрхэх бол?
-Төрөөс 100 хувь томилогдсон ТУЗ хэд хэдэн удаа хуралдаж шийдвэр гаргасан. Эдгээр шийдвэрийг шүүхэд өгөөд хүчингүй болгохоор ажиллаж байгаа. Шинэ ТУЗ байгуулагдсанаар эхний ТУЗ-ийн хурал дээр эдгээр шийдвэрийг хүчингүй болгох талаар хэлэлцэнэ. Мөн эрхзүйн чадамжгүй ТУЗ шийдвэр гаргаж, түүнийг нь биелүүлэхээр оролдсон тохиолдол байгаа. Эдгээр нь компанид ямар нэг хохирол учруулбал холбогдох хүнд хариуцлага тооцохыг үгүйсгэхгүй.
-Засаг газарт танай компанийн эсрэг дахин зарга үүсгэх эрхзүйн боломж бий юү?
- Ерөнхийдөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал анхнаасаа улс төржиж, хүндэрсэн болохоос биш хууль зүйн хувьд хүндрэлтэй маргаан биш. ТӨБЗГ, УБЕГ энэ асуудлыг зориуд хүндрүүлээд байгаа гэж бодохгүй байна. Харин төрийн албан хаагчид дээрээс өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлж байгаа. Харамсалтай нь Монгол Улсад улс төрийн нөлөө их учраас төрийн албан хаагчдад улс төрийн дарамт их ирж байна. Үүнийг ч төрийн албан хаагчид илэрхийлдэг. Манай компанитай холбоотой маргаан Монгол Улсад шүүх засаглал тодорхой түвшинд бэхжсэнийг харуулсан шалгалт боллоо. Шүүх засаглал төр хэмээх инстутитын эсрэг жирийн иргэнийг хамгаалж буйд залуу хүний хувьд бахархаж байна. Үүнээс үүдэн дотоод, гадаадын компанийн эрх ашиг хамгаалагдана гэсэн итгэл найдвар хөрөнгө оруулагчдад төрж буй болов уу.
-Цаашид ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-2018 он тун онцгой жил болж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40, “Монголросцветмет”-ийн 45 жилийн ой энэ онд тохиолоо. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрээд 40 гаруй жилийг үдэж буй энэ хоёр үйлдвэт сайны хажуугаар саар зүйл олон байна.
“Монголросцветмет” компани гэхэд 70 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Төмрийн хүдрийн үнэ унаснаас компанийн орлогын эх үүсвэр саарч эхэлсэн. Техник, тоног төхөөрөмжийн насжилт өндөрсөж, хуучирсан. Томоохон хэмжээний технологийн шинэчлэл олон жил хийгээгүй. Товчхондоо, цаашид яг яаж ажиллах талаар ярих цаг ирчихээд байна. “Эрдэнэт үйлдвэр” ч ялгаагүй. Идэр нас хүрсэн энэ үйлдвэрт маань цаашид хийх зүйл их байна. Дэд бүтэц, тоног төхөөрөмж нь элэгддэж, хуучирсан. . Үйлдвэрийн хааалтын менежмент, нөхөн сэргээлтийн зардлыг тооцолгүй өдий хүрснээс ирэх жилүүдэд энэ төрлийн зардал компанийн санхүүд томоохон дарамт үүсгэх нь. Мөн үйлдвэрийн ажилтан албан хаагчид, Эрдэнэт хотын оршин суугчдын эрх ашигийг хамгаалж, ая тух, нийгмийн халамжийг сайжруулах шаардлага тулгарч байна. хаягдлын аж ахуйд шийдэх хэрэгтэй бэрхшээл их бий. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийг хэсэгчилсэн байдлаар шинэчилж байснаас, багцаар шийдээгүй. Толгой өвтгөсөн ийм олон асуудал байна.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн менежментийг хариуцан ажилласан богино хугацаанд “Монголын зэс” корпораци ямар шинэчлэл хийсэн вэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шийдвэр гаргалтыг хамтын бас ил тод нээлттэй болгосон. Өмнө нь зөвхөн ерөнхий захирал бүх асуудлыг шийддэг байсан бол өдгөө 10 хүний бүрэлдэхүүнтэй баг шийдэж байгаа. 2017 оны хоёрдугаар сард болсон ТУЗ-ийн хурлаар манай талаас тендерийн журам санаачилснаа танилцуулж, улмаар зургадугаар сард баталсан. Түүнээс хойш уг журмын дагуу 500 гаруй худалдан авалтын үйл ажиллагаа зохион байгуулаад байна. Та бүхэн анзаарсан байж магадгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерийг интернэтээр авдаг болсон.
Хэдийгээр энэ үйлдвэр Азид томоохон орох зэсийн уурхай боловч үйлдвэрийн үйл ажиллагаа, өнгө төрхийг сэргээх шаардлага бий. Гэхдээ үйлдвэрийнэнгийн жирийн инженер техникийн ажилчдын сэтгэл зүрх үргэлж үйлдвэрийнхөө төлөө байдаг. Цөөхөн хүн энэ үйдвэрийг шахааны бизнесийн үүр болгож харагдуулдаг боловч үйлдвэрийн мянга мянган ажилчин үнэнч шударга, хоёргүй сэтгэлээр ажилладаг гэдгийг дахин хэлмээр байна.