Үндсэн хуульд зааснаар олон улсад Монгол Улсын гадаад бодлогыг төлөөлөх бүрэн эрхтэй, хэрэгжүүлэгч субьектийн нэг нь Ерөнхийлөгч.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нүүдэл, хэлсэн үг, хийсэн үйлдэл нь Монголын гадаад бодлогыг дэлхийн тавцанд тодорхойлж, тэр хэрээр Монголын ардчилал, аюулгүй байдал хамгаалагдах учиртай билээ. “Ардчиллын баянбүрд” гэгддэг Төв Азийн цээжин дэх Монгол Улсын гадаад харилцаа үе үеийн Ерөнхийлөгч нарын үед өөр, өөрсдийн зам жимээ онцлог төрх янзаар гаргаж ирсэн бөгөөд зургаан жилийн хугацаатай томилогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед ч олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаа хадгалж, олон үр дүнг дагуулсаар байгааг онцлох нь зүйн хэрэг юм.
У.Хүрэлсүх нь Төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхлүүлж, улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индрээс Монгол Улсын гадаад бодлогын “том амбиц”-аа тодоор тамгалсан. Тодруулбал, хөрш орнууд хийгээд бусад улс орнуудтай найрсаг харилцаагаа бататгасаар явахаа дуулгаж, дэлхий дахины анхаарлын төвд буй цөлжилттэй тууштай тэмцэж, "Тэрбум мод"-ыг эх орондоо тарьж ургуулах амлалт НҮБ-ын индрээс өгсөн У.Хүрэлсүхийн холыг харсан нүүдэл Монголын гадаад бодлогын түүхэнд олон сэргэлт авчрах эхлэл болсныг Беларусын "эзэн" Лукашенко айлчилж буй энэ өдрүүдэд эргэн сануулъя. Мөн өнгөрөгч онд Их Британи, Куба, Франц, БНХАУ, Лаос, Арабын нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг улсуудад гэргийн хамт айлчилж, улс төрийн түүхээ зузаалж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаад ирэв.
Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн хангаж чадсанаас гадна монгол хүн визгүй зорчих улс орнуудын тоо нэмэгдэж, манай улсыг дэлхийн улс орнуудтай холбох шууд нислэгийн тоо ч нэмэгдсэн. Түүнчлэн, Францын тэргүүн Э.Макрон, Гэгээн ширээт улсын тэргүүн пап Францис, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш гэсэн ховор содон төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан бол Франц улсад “Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” сэдэвт Чингис хааны тухай үзэсгэлэн анх удаа гарч, Елисейн ордонд “Жалам хар” эгшиглэж байлаа.
Энэ бол манай улс энхийг эрхэмлэгч, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын илэрхийлэл байсан юм.
Тэгвэл энэ удаа Беларусын “эзэн” Александр Лукашенко Монголд айлчилж байна. Тэр бол Беларусын анхны бөгөөд цор ганц Ерөнхийлөгч. Зөвлөлт холбоот улс задарсны дараа 1992 онд Беларус тусгаар тогтнолоо зарлаж, 1994 онд анхны Ерөнхийлөгчөө сонгосон бөгөөд тухайн үед 39 насандаа төрийн тэргүүн болсон Александр Лукашенко өнөөдрийг хүртэл 30 жил улсын “эзэн”-ий үүрэг гүйцэтгэсэн юм.
Тэрбээр, Ерөнхийлөгч болсноосоо хойш буюу 30 жилийн хугацаанд Монголд айлчилсан удаагүй. Гэсэн ч энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монголд төрийн айлчлал хийж байна. Төрийн тэргүүнүүд Улаанбаатар хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагааны нөөц боломж, ирээдүйн арга замууд тэр дундаа худалдаа эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Мөн хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсний дотор хүнд машин механизм нийлүүлэх, Онцгой байдлын ерөнхий газрын тоног төхөөрөмжийн шинэчлэл, хоёр улсын хоорондын найрсаг харилцааны баримт бичгийг шинэчлэх асуудал багтсан бололтой. Мөн Александр Лукашенко Монголын ард түмний түүх, уламжлал, зан заншлыг сонирхож буйг орон нутгийн хэвлэлд онцлон тэмдэглэсэн байна. Беларусын төрийн тэргүүний айлчлалтай зэрэгцэн Улаанбаатар хотноо Монгол-Беларусийн бизнес форум болно. Энэхүү форумын үеэр хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөтгөх чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах боломжтой юм. Айлчлал энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэх ажээ.
Энэ мэтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын түүхэнд анхны гэх тодотголтой олон айлчлал хийгдэж, үр дүн нь үлдэж хоцрох олон олон түүхэн үйл явдал өрнөж, үр дүнг дагуулсаар байна.