УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Дараа дараагийн төсвийг зөв батлах жишгийг бий болгоосой. Дараа, дараагийн жилүүдийн төсөвт алдаа битгий гараасай. Залруулах боломж бололцоо болгож ашиглаасай гэж хүсэж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэг заалт байсныг бид тодотгол хийхдээ аваад хаячихсан.
Монгол Улс тэртэй тэргүй нэг бүтээгдэхүүнээс буюу уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай болчихсон. Тус хуулийн 6.1.3 гэдэг заалтад "Өмнөх жилийн зарлагын өсөлтөөс уул уурхайн өсөлтөө хасаад тухайн жилийн зарлагын өсөлтийг тооцох" гэсэн утгатай заалт байсан. Товчхондоо эрсдэл хийгээд уул уурхайн савлагаанаас хамгаалсан заалт байсан юм шүү. Энэ заалтыг эргэж сэргээхээр өргөн барина" гэв. Тэгвэл УИХ-ын даргын зүгээс хэрвээ хоригийг хүлээж авсан тохиолдолд дараагийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулна гэдгийг онцоллоо.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан тохиолдолд хүлээж аваад ямар дэгээр цаашаа хэлэлцээд явах вэ гэдгийг маш олон гишүүд асуулаа. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн өгсөн мэдээллээр "Хуульд тийм зохицуулалт байхгүй" аж. Өнгөрсөн хугацаанд үе үеийн Ерөнхийлөгчөөс төсөвтэй холбогдуулан есөн удаа хориг орж ирж байжээ. Зургаа бүхэлд нь, гуравт нь хэсэгчлэн тавьж байж. Тэр бүрт УИХ хүлээж аваагүй.
Ганцхан удаа буюу 2005 онд хэсэгчилсэн хориг хүлээж авсан ч Дэгийн тухай хуульд зохицуулалт байхгүйгээс дагалдсан журмаар асуудлыг шийдэж байжээ. Тэгвэл энэ удаа хүлээж авсан тохиолдолд яаж хэлэлцэх, шийдэх гарц байхгүй учраас Ёсзүй, дэгийн байнгын хороо хуралдаж тухайлсан тогтоолд зориулан дэг боловсруулан хэлэлцэх ажээ. УИХ-ын гишүүд үг хэлж, хариулт авч дууссан учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой, ёсгүй гэдгээр санал хураалт явуулж нийт гишүүдийн 70 гаруй хувийн саналаар хоригийг хүлээж авлаа. Одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл үргэлжлүүлэн хуралдана.