ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ

O.Admin
3 цагийн өмнө

Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан Төрийн ордонд боллоо. Монгол Улс анх “Хаягжуулалтын тухай хууль”-ийг 2013 онд баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор өнөөдрийн хүртэлх хугацаанд олон тогтоол, журам, стандарт баталсан аж.

2021 онд Засгийн газрын “Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” 180 дугаар тогтоолын дагуу 21 аймаг, 330 сумын гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлуудыг шат дараатай хийсэн.

Улаанбаатар хотын хэмжээнд хаягийн өгөгдөл мэдээллийг засварлаж, хаягийн мэдээллийн сан байгуулан, хаяг олгох асуудлыг цахимжуулсан боловч хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэт техник технологид суурилсан байдлаар хаягжуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн санг холбох, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог хангах хэрэгцээ шаардлага байсаар байна. Тиймээс дээрх тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг эдгээр ажлуудыг эрчимжүүлнэ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Хаягжилтын нэгдсэн стандартыг хөгжүүлж, нэгдсэн нэг цэг дээр төвлөрүүлж, хэн ч аль нэг газрын байршлыг ертөнцийн, аль эсвэл зөн совингийн баримжаагаар заадаггүй болж, гудамж, дугаар, тоотоор шууд ойлголцдог болсон цагт бидэнд маш олон давуу тал, үнэлж баршгүй их бүтээмж бий болох боломжтой. Тиймээс хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж, хаягийн асуудлыг цэгцлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран хаягжилтын ажлуудыг урагшлуулна" гэлээ. 

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд дараах ажлууд хийгдэх юм.

-Хаягжуулалтын хууль, тогтоомж, эрх зүйн орчин шинэчлэх;

-Хаягийн мэдээллийг удирдах дэвшилтэд системийг байгуулах;

-Гудамж, зам, талбай, газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэн бодит, алдаагүй хаягжуулуулах;

-Замчлалын үйлчилгээнд тусгайлан зориулсан нарийвчилсан замын сүлжээний зурагтай болох;

-Хиймэл оюун ухаанд суурилсан замчлалын системийг байгуулах;

-Дрон, робот, өөрөө жолоодлоготой машины замчлалд хэрэглэх хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэр, үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэх.

-Төр, хувийн хэвшлийн төрөл бүрийн үйлчилгээ болох түргэн тусламж, онцгой байдлын тусламж үйлчилгээ, ачаа тээвэр хүргэлт, бизнесийн салбарын байршил, маркетинг борлуулалт хийх үйл ажиллагааг хялбар болгоно.