ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлнэ

O.Admin
2 цагийн өмнө

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн бүтээмжийн үндэсний хороо өнгөрсөн өдрүүдэд Зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулж энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж төрийн албаны бүтээмж нэмэгдүүлэх, төрийн албыг цомхон чадварлаг байлгах боломжийг эрэлхийлж УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсгийн хамтаар ажиллаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдлээ.

Тэрбээр, энэ талаар "Манайд Хуульчдын холбоо шиг сонгодог жишээ ч хэд хэд байна. Олон улсад ч энэ туршлагууд хэрэгжин амжилтаа ахиулж байгааг бид анхаарах нь чухал. Тухайлбал, 

1. АНУ-д эмчийн лиценз олгох үйл ажиллагааг Америкийн Мэргэжлийн Эмч нарын Зөвлөл (ABMS) гэх мэт мэргэжлийн зөвлөлүүдэд шилжүүлсэн. Үр дүнд нь эмч нарын лиценз олгох хугацаа дунджаар 30 хувиар буурч, хурдассан байна.

2. Австралийн Виктория мужид тодорхой төрлийн барилгын зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн барилгын хяналтын албанд шилжүүлсэн. Үр дүнд нь барилгын зөвшөөрлийн дундаж хугацаа 60 өдрөөс 20 хоног болж 67 хувиар буурсан. Төслүүдийн эхлүүлэх хугацаа богиносож, хөрөнгө оруулалтын үр өгөөж нэмэгджээ.

3. Европын Холбоо санхүүгийн аудитын зохицуулалтыг мэргэжлийн холбоодод, тухайлбал Нягтлан Бодогчдын Институт-д шилжүүлсэн. Үр дүнд олон улсын стандартад нийцсэн байдал 25 хувиар өссөн. Аудитын зөвшөөрөл авах хугацаа 40 хувиар багассан.

4. Канадын Онтарио муж дахь багшийн гэрчилгээ олгох ажлыг Онтариогийн Багшийн Коллеж (OCT) хариуцдаг болсон. Үр дүнд гадаад оронд боловсрол эзэмшсэн багш нарын боловсролыг хүлээн зөвшөөрөх хугацаа 50 хувиар буурсан байна.

5. Өмнөд Африк Байгаль орчны тодорхой зөвшөөрөл олгох эрхийг Өмнөд Африкийн Байгаль Орчны Үнэлгээний Мэргэжилтнүүдийн Холбоо (EAPASA)-д шилжүүлсэн. Үр дүнд байгаль орчны үнэлгээний хугацаа дунджаар 180 хоногоос 117 хоног болж 35 хувиар буурсан сайн үзүүлэлт гарсан байна" хэмээжээ.