ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Баярмаа: Б.Мөнхсоёл гишүүн бид хоёр тэмбүүгээр огт өвдөж байгаагүй, худал мэдээлэл

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 цагийн өмнө

“Интермэд” эмнэлэг эмчлүүлэгсдийнхээ хувийн мэдээллийг хакерт алдсан гэх мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарыг тэмбүү өвчнөөр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл хоёр гишүүн өнөөдөр албан ёсоор энэ мэдээлэлд тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хэлэхдээ “Өнгөрсөн баасан гарагийн оройноос эхлээд бид хоёртой холбоотой худал мэдээлэл цацагдсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ын гишүүнийг нийгмийн халдварт өвчинтэй гэж гүтгэж байсан тохиолдол байхгүй юм билээ. Бид ямар нэг байдлаар “Интермэд” эмнэлэгт үзүүлээгүй.Би үйлчлүүлэгч нь огт биш. Би хоёр жилийн өмнө дүүрэгтээ эрт оношилгоонд орсон. Эмнэлгийн зүгээс хоёр гишүүнтэй холбоотой мэдээлэл худал гэдгийг хэлсэн. Fact check-ээс мөн хуурамч буюу эвлүүлэг гэдгийг мэдэгдсэн байна лээ. Хувь гишүүний хувьд эмзэглэж байгаа зүйл алга ч гэлээ төсвийн асуудлаар байр сууриа илэрхийлж, хэд хэдэн асуудлаар акц зохион байгуулсны төлөө гүтгэлээ. Энэ бол арай хэрээс хэтэрлээ. Дан ганц хувь гишүүн бус УИХ-ын гишүүнийг айлгаж, мохоох гэсэн башир арга технологи явж байна. Үүнд би бууж өгөхгүй. Парламентын орчинд хувь үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах зүйлдээ хандана аа” гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна. Ганц нэг гишүүний биш улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хумих гэсэн эмэгтэйчүүдийн зориг зүрхийг мохоох гэсэн арга зам гэж харж байгаа. Улс төрд шийдэмгий орсон эмэгтэйчүүдийн тухайд ийм увайгүй гүтгэлэг доромжлолыг тоохгүйгээр парламентад орж ирсэн үүргээ биелүүлнэ ээ. Төсвийн зардлыг хумих боломжтой асуудалд илүү дэлгэрүүлж, нухацтай ярилцсаар байх болно. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй үрэхийн эсрэг зогссоор байна. Иймхэн зүйлээс айна гэж байхгүй ээ. Манай эмэгтэйчүүд маань аливаа мэдээ, мэдээдэлд шүүлтүүртэй хандаж, бусармаг байдлаар хандаж байгаад ухамсартай хандаарай. Интермэдийн зүгээс хуурамч мэдээлэл тарааж байгаа хаягийг шалгаж өгнө үү гэж Цагдаагийн байгууллагад хандсан юм билээ” хэмээв.