ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Европын сэргээн босголт, хөгжлийн банк 140 төсөлд хөрөнгө оруулжээ

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны бодлого, түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Бауманг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2025.02.06) төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Н.Учрал Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкны бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж, эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжихэд ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Мөн Өнгөрсөн хугацаанд нийт 2.65 тэрбум еврогийн санхүүжилтийг зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг томоохон салбаруудад олгож, 140 орчим төсөл, хөтөлбөрийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 2022-2027 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх стратегийн баримт бичигт туссан хувийн хэвшлийг төрөлжүүлэх, бүс нутгийн интеграцчлал, дэд бүтцийн хөгжил, мөн ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэсэн тэргүүлэх зорилтууд нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийг бодлого”-той уялдаж буй.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь бодлогын дөрвөн тэргүүлэх чиглэл, үүнийг дагасан 16 чиглэл, 620 зорилтыг багтаасан бөгөөд үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэх 14 реформыг тусгасан. Иймд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ЕСБХБ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалын чиг үүргийн шинжилгээ хийх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах саналтай байна гэв.

Ноён Марк Бауманг хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр олон бодитой ажил өрнүүлж, цаашид ч дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.