ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч популизм хийх биш харин бодит байдлыг ярьчихлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ сарын 01-нд УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр индрээс хэлсэн үг олон хүний анхаарал татаж байна. Төрийн тэргүүний үүрэгт ажлаа авснаас хойш хамгийн анхаарал татах үг хэлсэн нь ч энэ байх. Ерөнхийлөгчийн үгэнд улс төр судлаачид, цаашлаад хэвлэл мэдээллийнхэн өөр өөр дүгнэлт өгчээ. Нэг хэсэг нь түүнийг “Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой” гэж уриаллаа хэмээн шүүмжлэв. Гэвч нөгөө талд Төрийн тэргүүний хувиар бодит байдлыг илүү тодорхой дүгнэсэн, гарц шийдэл эрсэн, товч бөгөөд тодорхой санал гаргалаа хэмээжээ. Тухайлбал, Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн үгэнд улс төр судлаачид дүгнэлт хийж байгаа. Ард нийтээр хэлэлцүүлж, ард түмний саналыг авъя гэсэн мессеж бол байна. Төрийн тэргүүний хувиар тодорхой шийдэл ярих ёстой. Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэсэн санаа цухалзав уу гэж хардаж байна. Нийт хүн амын цөөнгүй хэсэг нь энэ санааг дэмждэг. Гэхдээ манайд тохирох хувилбар биш. Популизм хийлээ гэж харж байна”  хэмээжээ. Гэвч энэ бол хэтэрхий өрөөсгөл дүгнэлт.

Ерөнхийлөгчийн үгнээс энэ санаа цухалзах гэхээс илүүтэй шинэ Үндсэн хуулийг нэн яаралтай баталж, тогтолцооны хямралаа өөрчлөх талаар ярьсан гэдгийг хүн бүхэн ойлгож буй. Популизм гэхээс илүү бодит байдлыг л тэр ярьчихлаа. Тогтолцоо болохгүй байна гэж бид олон жил ярьсан. Улстөрч болгон л төрийн тогтолцоо болохгүй байна, Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол нурж уналаа, хууль шүүхийнхэн мөнгөтэй хэдхэн хүний халаасанд орсон гэж ярьдаг. Тун саяхан УИХ-ын гишүүн Ч.Улаан ярилцлага өгөхдөө "Монголын нийгэм бүхэлдээ задарч, жолоодлогогүй болж байна.  Ардчиллын зарчим ноцтой гажуудаж байгаа. Тэгэхээр манайд сахилга, хариуцлага, зохион байгуулалт алга. Бүхэлдээ Монголын нийгэм задрал руу явж байна" хэмээжээ. Ганц Ч.Улаан гишүүн ч бус энэ парламентад сууж байгаа, өмнөх парламентын бүх л улстөрч "тогтолцооны гажуудал" бий боллоо гэдэгт санал нэгддэг. 2000 онд Үндсэн хуульд оруулсан "дордохын долоон" өөрчлөлтөө засахгүй л бол мянга, түмэн удаа өөрчлөлт шинэчлэлтийн тухай яриад нэмэргүй гэдгийг ч Ерөнхийлөгчийн үгийг сонсож суусан олон гишүүн ойлгож, басхүү дэмжиж байсан нь гарцаагүй юм. Тэгвэл тогтолцоог өөрчлөхийн тулд хэрхэх вэ.

Хоёр парламент дамжиж яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэзээ эхэлж, ямар үр дүн гаргах юм бол. Цөөнгүй хүн эхэлчихсэн гэдэг хариулт өгч мэдэх юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг бүтэн жилийн хугацаанд ажилласан уу гэвэл тэгсэн. Гэвч  хэлэлцүүлэг хэр бодит байсныг ярихгүй өнгөрч боломгүй. Дэгсдүүлж хэлэхэд, өөрийн намын гишүүдээс санал асуулга явуулж, бичгээр ирсэн нэг сая гаруй иргэний саналаас шүүрдэж оруулсан гэдгээс өөр бодит зүйл яригдаагүй. Тэр саналыг бидний хэн нь ч хараагүй. Ц.Мөнхцэцэг докторын хэлсэнчлэн сурталчилгаа, мэдээлэл дэндүү хангалтгүй байсан юм. Шинэ Үндсэн хуульд ямар өөрчлөлтийг яаж оруулах талаар өргөн хэмжээний хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллээр явуулсан сурталчилгаа, санал асуулга нэг ч байгаагүй. Угтаа улс төр судлаач нэг бүрээр, цаашлаад Монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллээ ашиглаж, иргэдээ мэдээллээр хангасан бол сая л илүү үнэнд ойрхон, бодит амьдралд наалдах өөрчлөлтүүд хийгдэж байна гэж итгэх байв. Гэвч нэг нам үнэмлэхүй олонхи болсон энэ үед "эцэг" хуулиа өөрчлөх ажлыг "хүчиндэж" байлаа, тэд.

МАН-ын гишүүдийн батлуулах гэж улайрч, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөд парламентын хэмжээлшгүй эрхийг нэмэгдүүлэх, Монголын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Ерөнхийлөгчийн эрх үүргийг үгүй болгох, бүр "устгах" санаа туссан байсныг анхдугаар Үндсэн хуулийг баталж байсан АИХ-ын депутатууд хэлэлцүүлгийн үеэр ярьж, шүүмжилж байсныг энд сануулах нь илүүц биз. Хэрвээ парламент нь дааж давамгүй их эрх мэдэлтэй болчихвол энэ улсад юу болох билээ. Хуулиас дээгүүр алхдаг 76 эрх мэдэлтэй хүнтэй болно. Тэд юу хүссэнээ баталж, юу дуртайгаа хийнэ. Монголын төр мөнгөтэй хэдхэн хүний атганд бүрэн орж, тэдний эрх ашгийг хамгаалсан хууль УИХ-аас ямар ч хяналтгүй батлагдах нөхцөл байдал ч бий болох билээ. Үүнийг ч үнэмлэхүй олонхи болж суусан МАН-ынхан хийхийг маш их хүсч буй нь бүтэн жилийн хугацаанд явсан Үндсэн хуулийг өөрчлөх судалгаа нэртээ “шоу”-наас харж болохоор байлаа.

УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч нь хүртэл хуулийн дагуу сануулсаар байхад Үндсэн хуулиа зөрчиж, ээлжит бус чуулган зарлахаас татгалзсан УИХ-ын даргын эрх мэдэл ч хэрээс хэтэрнэ. Ерөнхийлөгч ч хэлсэн үгэндээ сануулаад амжина лээ. Тэрбээр, "Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна. Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргасан. Дараа нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүссэнийг сануулж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал хүргүүлсэн. УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь бас шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд УИХ-ын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой.

Гэтэл үүргээ биелүүлсэнгүй. Хууль тогтоох дээд байгууллага нь баталсан хуулиа үл тоомсорлох болсон нь эрх зүйн хямралын нэгэн тод, бодит жишээ" гэв. Ерөнхийлөгчийн хэлсэн үг сэтгэл хөдөлдөө автсан, улс төрийн тооцоо судалгаагүй зүйл огт биш байсан. Угтаа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш маш олон улс төр судлаач, эрдэмтэдтэй уулзсаны үр дүнд тодорхой гарц шийдэл ч санал болгожээ. Тухайлбал, 
"-Монголын улс төр, эдийн засаг, баялгийн хуваарилалтад эрх мэдлээ бат тогтоосон хэт цөөнхийн бүлэглэлийн монополь эрх мэдлийг задалж, засаглал эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой, нийгмийн шаардлага, хүлээлтэд нийцсэн, ардчилсан, ил тод, тэнцвэртэй, харилцан хяналттай шударга тогтолцоо болгон өөрчлөх ёстой.
-Байгалийн болон нийгмийн баялгийн ашиглалт, хуваарилалтыг ил тод, шударга болгон, бүх нийтийн хяналтад оруулах, хариуцлагатай нь давхар уях тогтолцоог бүрдүүлэх ёстой.
-Үндэсний эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж, үндэсний ашиг сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр хийх явдлыг эгнэгт таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх заалтуудыг оруулж өгөх ёстой.
-Шүүх, хууль, хүчний байгууллагыг өөрчлөн зохион байгуулж, эрх мэдэлтэнд бус иргэддээ үйлчилдэг, хуулиа чандлан биелүүлдэг, хариуцлага нь тодорхой, шүүх эрх мэдлийг зохистойгоор эдэлдэг болгон өөрчлөх ёстой.
-Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн гаргаж, эдийн засаг нийгмийн амьдрал дахь төр ба намын оролцоо, ажлын заагийг тодорхой болгон, улс төржилт, улс төрийн намын бодлогоос төрийг ангид байлгах нөхцөл бүрдүүлэх ёстой.
-Монголын нийгмийн жинхэнэ эзэд нь ард түмэн байж, эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох, ажилтай орлоготой байх нөхцөлийг нь төр ханган биелүүлэх үүргийг хоосон тунхаглах бус бодитоор хэрэгжүүлэх арга замыг тодорхой заасан, хариуцлагын механизмыг тусгасан байх ёстой" гэв. Угтаа энэ бүхнийг хийхийн тулд улс төрийн нам харгалзахгүйгээр бүх нийтээр хэлэлцүүлэх ёстой гэсэн санаа ч Төрийн тэргүүнээс гарлаа. Хамгийн чухал нь "эрүүл ухаан"-аар хэлэлцэх гэснийг энд онцлон сануулъя. Улс төрийн намын эрх ашиг ханхлахгүйгээр хэвлэл мэдээлэл, нийт ард иргэд, салбар бүрийн эрдэмтэн судлаачид гэх мэтээр хүн бүхний оролцоог хангаж байж сая л элдвийн хардлагагүй, шүүсийг нь шахсан шинэ Үндсэн хууль мэдлэх билээ. Тиймээс Ерөнхийлөгчийн индрээс хэлсэн үгийг мушгин гуйвуулж улстөржүүлж суух бус эсрэгээрээ бүгд гар бие оролцох учиртайг дахин сануулъя.