ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Стратегийн гол ордуудаас төр хувь эзэмших ёстой гэж иргэд дүгнэжээ

O.Admin
17 цагийн өмнө

Улс төрийн аль нэг нам, улстөрчөөс хараат бусаар судалгаа хийдэг MEC судалгааны байгууллага баялгийн сан хийгээд, стратегийн ач холбогдол бүхий ордуудаас төр хувь эзэмшсэнээр иргэд Үндэсний баялгийн сангаар дамжуулан хувь эзэмших тухай иргэдийн мэдлэг, мэдээлэл ямар хэмжээнд байгааг хоёр сарын хугацаанд тандалтын аргаар судалжээ.

Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 3-7-ны өдрүүдэд сонгуулийн насны 1098 иргэнээс, гуравдугаар сарын 6-12-ны өдрүүдэд мөн 958 иргэнээс квотчилсон санамсаргүй аргаар тус судалгааг авснаа олон нийтэд танилцуулав.

Тэгвэл, "Баялгийн сангийн талаар та хэр сайн мэдэх вэ" гэсэн асуултад хоёрдугаар сард ердөө гурван хувь нь “Маш сайн мэднэ”, 17 хувь нь “Сайн мэднэ”, 35 хувь нь “Огт мэдэхгүй” гэсэн хариулт өгч байсан бол гуравдугаар сард дөрвөн хувь нь “Маш сайн мэднэ”, 24 хувь нь “Сайн мэднэ” хэмээж, энэ үзүүлэлт огцом өссөн нь иргэд мэдээлэл сайн авч эхэлснийг нотлох жишээ болжээ.

Харин, Стратегийн ач холбогдол бүхий орд буюу MCS компанийн эзэмшиж буй “Ухаа худаг”, МАК-ийн эзэмшилд буй “Нарийнсухайт”, “Цагаан суварга”-ын орд газрын 34-50 хувийг төрийн эзэмшлийнх болгох талаарх таны байр суурь гэсэн судалгаанд хамрагдсан иргэд тун сайн мэдээлэлтэй байсан аж.

"Ухаа худаг"-ийн 34 хувийг төр эзэмших ёстой юу гэсэн асуултад,  

-Маш зөв- 16 хувь

-Зөв гэж 36 хувьтай хариулсан бол “буруу” гэсэн хариулт ердөө 11 хувьтай байгаа юм.

Харин Нарийнсухайт, Цагаансуваргын ордын төрийн эзэмшлийн асуултад

Маш зөв- 19 хувь

Зөв гэж 38 хувьтай хариулсан байна. Харин буруу гэдэг асуулт мөн л 11 хувьтай байна. Тэгэхээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь ганц нэг улстөрчийн бус нийт ард түмний хүсэл гэдгийг энэхүү жижиг судалгааны дүнгээс харж болох нь ээ.