ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН: Биржийн тухай хуулийн төслийг эгүүлэн татна

O.Admin
5 цагийн өмнө

МАН-ын бүлгийн өнөөдөр хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцжээ.

Тодруулбал, 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас эргүүлэн татахаар болсон аж. Харин Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар танилцуулга сонсож, холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүнтэй зэрэгцэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг судалж, нарийвчилсан зохицуулалтыг тусгах мөн Гадаад харилцааны яам болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хэлэлцээрийг сайжруулах чиглэлд үргэжлүүлэн ажиллах шаардлагатай гэж шийдвэрлэснийг бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулав. 

Мөн Төсвийн хууль, тогтоомжийн уялдаа холбоог хангах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Төсвийн цаглабарын талаарх судалгаа дүгнэлт, саналыг бүлгийн гишүүдэд танилцуулжээ.