ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх хоёр улсын Засгийн газрын гэрээг дэмжсэнгүй

O.Admin
1 өдрийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын төслийг зөвшилцөв. Байнгын хорооны энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм.

УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаарх бүлгийнхээ байр суурийг илэрхийлж, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулсан 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийсэн, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь түүхэн дээд амжилт бөгөөд экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын орлогын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг хэмээн Л.Гантөмөр сайд тэмдэглээд эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай гэлээ.

Эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, төрлийг нэмэгдүүлж, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бодит ажлуудыг хийх хэрэгцээ маш өндөр байгаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдлаа. 

Нийт экспортын 91.2 хувь, түүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувийг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолдог. Гадаад худалдаа ийм хэлбэрээр хэт хамааралтай буюу нэг туйлтай болсноос үүдэх эрсдэлийг бүх түвшиндээ цар тахлын үеэр хил хаагдахад нийтээрээ ойлгож, мэдэрсэн гэдгийг сайд дурдсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшин гэдгийг тоо баримт илтгэж байгааг Л.Гантөмөр сайд хуралдаанд танилцуулав.

Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал хэмээгээд “Өөрөөр хэлбэл, нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Үүн дээр бид шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдрийг хүртэл манай хөрш орнууд ийм боломжийг бидэнд олгоогүй. Засгийн газар асуудлаа олон удаа тавьдаг, хөрш орнууд шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас уг асуудлаар ярилцаж, шийдвэр гарсан” хэмээлээ.

Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулжээ.

Тухайлбал, дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээжээ. 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 50 хувь бууруулж, 7.5 хувь байхаар, харин 90 сая ширхэгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь хэвээр байхаар тохиролцжээ.

Улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 70.0 мянга хүртэлх тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосныг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон аж. 50.0 мянган тонн гэдэг нь квотоор олгогдож буй хэмжээ гэдгийг Л.Гантөмөр сайд онцоллоо. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 12 нь дэмжсэнээр уг төслийг холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.