Монгол Улсын Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаатай холбогдуулан Хөгжлийн банкны тухай хуулийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.
Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг эцсийн хувилбараар танилцуулж, УИХ-д өргөн барина гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцлов. Хөгжлийн банкны санхүүгийн өнөөгийн үзүүлэлт, зээлийн чанар болон эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтын дүгнэлт зэрэгт үндэслэн Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах, эрхлэх үйл ажиллагаа, санхүүжилтийн чиглэл, цар хүрээг нарийвчлан тодорхойлж, Эксим банк болгон менежментийн цогц шинэчлэл хийхээр зорьж байна.
Хөгжлийн банк экспортын бодлогыг дэмжигч хөгжлийн институт болсноор зээл, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа эдийн засгийг экспортын баримжаатай хөгжүүлэхэд чиглүүлнэ. Мөн Эксим банк болсноор дотоодод үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний экспортыг дэмжих, санхүүжүүлэх, аж үйлдвэрийн өсөлтийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг хадгалах, хамгаалах нөхцөл боломж бүрдэх юм.
Эксим банк нь хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, уламжлалт санхүүжилтээс ялгаатайгаас гадна хямд эх үүсвэр татах замаар санхүүжилт олгох, өргөн цар хүрээнд ажилладаг онцлогтой. Манай улсад уул уурхайн бус салбаруудыг дэмжих, тэдгээрийн нийт экспортод эзлэх хувийг нэмэгдүүлэх боломж, орон зай бий. Түүнчлэн арилжааны банкуудад гадаад худалдааны эрсдэлийн хамгаалалт байхгүйтэй холбоотойгоор экспортын санхүүжилт бага гаргаж байгаа нь Эксим банкны хэрэгцээ шаардлага буйг харуулж байна.