БНСУ-ын хил дээрээс монгол иргэд буцаж байгаа, буцахдаа хүний эрхийн зөрчилтэй нөхцөлд 2-3 хоног идэх хоолгүй шахам саатуулагдах өрөөнд хоригдож буй асуудлаар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, “Монгол иргэд олноор БНСУ-ын хилээс буцаж байна. Энэ асуудлыг Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч байна вэ. Яах гэж виз өгсөн юм. Тэгээд визээ аваад яваад очихоор оруулдаггүй. Хүний эрхийн зөрчил үүсгэж буй энэ асуудалд танай яам ажил хийж байгаа юу гэдэгт Б.Батцэцэг сайд та хариулт өг. Иргэдийнхээ эрхийг хамгаалж байна уу. Иргэд төрдөө хандаж байна, хэвлэлийн бага хурал ч хийж байна. Нөгөө талын асуудал биш гээд орхиж болохгүй” гэв.
Харилцан адил байх, визийн хөнгөлөлт үзүүлэх талаар БНСУ-ын Засгийн газартай байнга ярьж байгаа. Ковидоос хойш хөл хөдөлгөөн огцом нэмэгдэж, 60 орчим мянган иргэн тэнд ажиллаж амьдарч байна гэсэн тоон мэдээ гарсан байна. Манай иргэд зорилгоо тодорхойлж чадахгүй, бөглөсөн материалаасаа зөрсөн, буцах, очих хаягаа мэдэхгүй байгаа асуудал байгаа юм билээ. Өөрсдийнх нь хууль дүрмийг хангаагүй гэж үзэж буцааж байна” гэв.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Нэг ч монгол хүний эрх хаана ч очиж зөрчигдөхгүй байх ёстой. Бид бусад улсын жуулчдад хүндэтгэлтэй хандаж, дотоод дүрэм журмаа цэгцтэй байлгаж, улс хоорондын үл ойлголцол гаргахгүйгээр хүндэтгэлтэй ханддаг. Манай улстай дипломат харилцаатай улс орнууд ч гэсэн Монгол Улсын иргэнд яг адил зарчмаар хүндэтгэлтэй ханддаг байх ёстой” хэмээлээ.