УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.05.15/-ийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ.
Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогыг хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлт 6.0 хувьд хадгалагдаж, 1 хүнд ногдох ДНБ 8,090 ам. долларт хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурна хэмээн тооцжээ.
Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ. Бүс нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, дэд бүтцийг хүртээмжтэй болгож, бүсчилсэн хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгохоор холбогдох арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.
Ирэх онд хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлэхээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд тусгажээ. -2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын чанар, хүртээмж дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөж, 108 сургууль, 95 цэцэрлэгээр нэмэгдүүлж, бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэж, “Хамгийн сайн цэцэрлэг, сургууль-гэрт ойр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгахаар холбогдох зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ.
Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоох зорилт дэвшүүлж, холбогдох арга хэмжээнүүдийг төсөлд тусгасан ажээ. Тэргүүлэх бодлогын дөрөв дэх чиглэл болох Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгохоор зорьж байна.