ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Мөнхбаясгалан: Унага тамгалсан найр

O.Admin
1 өдрийн өмнө

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайдыг огцруулах чуулганы тухай өөрийн нүүр номын хуудсандаа бичвэр оруулжээ. Тэрбээр, "Унага тамгалах найр сайхан боллоо. Дуутай шуутай хөлтэй найр гол усаар нэг шуугиан дэгдээж дуусах үедээ магнайдаа гурван үсэгтэй чандмань тамга даруулсан (Энержи ресурс буюу ММК ) унаганууд унгалдан ухасхийж Монгол Улсын Засгийн газрын аминд хүрснээр зэлэндээ уягдлаа. Тамгатай хэдэн унагаа зэллэсэн эзэн найрын гийчдэд “хишиг” тараахаар ханцуй шамлахад хишиг горьдогсод нүд нь бүлтэлзэн алгаа тосон сөхөрлөө. Найр сайхан боллоо гэж…

2024 оны сонгуулиар хэдэн УИХ -ын гишүүн тамгалсан “Энержи ресурс” өнгөрсөн даваа гаригт найраа дуусгаж одоо хишигээ тарааж буй. Гурван сая монголчууд хүртэх ёстой баялгийг хуу хамсан энэ компани далд хэлбэрээр улстөрчдийг санхүүжүүлж бүр Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг хүртэл захиалсаар ирсэн түүхтэй. Харин 2024 оны сонгуулиар аргаа бага зэрэг өөрчилж хэдэн гишүүнийг унага тамгалах аятай дансаар хандив өгч албаар гэрэл цохиулсан билээ. Тэгээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Энержи ресурс” компани Ухаа худагийн орд газрыг хууль бусаар авсан байна гэж мэдэгдмэгц өнөөх хэдэн унагаа ил зарлаж зэлэндээ зээглүүлэх нь тэр. Эхдээ биш эзэндээ тэмүүлэх унаганууд 6- р сарын 2- ны шөнө унгалдан ухасхийж Засгийн газрыг цааш нь харуулах нь тэр.

УИХ -д нэр дэвшигчид хувийн компаниас 30 хүртэлх сая төгрөгийн хандив авч болно оо, асуудалгүй. Гэхдээ Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1 д “Гадаадын хөрөнгө оруулаттай байгууллагаа хандив авахыг хориглосон заалт бий. “Энержи ресурс” болон түүний охин компаниуд Бүгд найрамдах Сингапур улс, Люксембургийн Их Гүнт улсад бүртгэлтэй хуулийн этгээд юм. Тэгэхээр гадны улсаас Монголын төрийг удирдаж байна гэсэн үг. Юу тэдний дургүйг хүргэсэн бэ…

Ухаа худагийг төрд эргүүлэх авах шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Хууль бусаар хөрөнгөжсөн олигархуудын хөрөнгийг хураах хуулийн төслийг өргөн барингуут ийнхүү тамгалсан унагануудаа ажилд нь оруулж Засгийн газрыг огцруулж дөнгөв. Эхдээ биш эзэндээ үнэнч “ тамгатай унага” энэ УИХ-д 20 гаруй бий. “Энержи ресурс” компани Ухаа худагаас сүүлийн хоёр жилд 823 сая доллар буюу 2 их наяд 798 тэрбум төгрөг олсон байдаг.

Үүнийг бичигч би УИХ- ын гишүүн болохоосоо өмнө Монголын баялгийг завшигч 30 гэр бүл бий гэдэгт итгэдэг байлаа. УИХ-ын гишүүн болмогцоо шударга ёс тогтоохын төлөө ажиллана гэсэн чин итгэл үнэмшилтэйгээр орж иртэл 30 биш 3- хан гэр бүл байхыг олж мэдэв. MCS- ийн хувьцааг эзэмшигч Оджаргал, түүний дүү Од ба бусад монголчууд гэсэн гуравхан гэр бүл байдгийг мэдрэв. Бас Ухаа худагийн улс төрийн зөвлөл Монгол төрийн дээр суудгийг ойлгов. Тамгатай хэдэн унаганаасаа гадна байр орон сууц, машин, нүүрсний компаниуд, хөрс хуулалт зэрэгт MCS буюу “Энержи ресурс”-ээс хараат болж ажлыг нь хийж өгөөд амь зуудаг олон гишүүнийг олж харав. Харуусав. Гутрав. Нүдэн дээр л хэдэн “тамгалагдсан унага” унгалдаж давхиад л Засгийн газрыг огцруулахыг үзлээ. Хамт ажиллаж байсан хүнээсээ , тангараг өргөсөн Монгол төрөөсөө урвахыг харав. Одоо тэд улам зоригжив. Үүнээс цааш хэрхэхийг таахын аргагүй болов. Гэхдээ ард түмний зөн совин гэж байдагт би итгэдэг. Нэг гал унтарахад дараагийн гал асдаг жамтай. Тэр гал хурдан асаж тал, хээр, говь, хангай нутагт минь түймэр болон дүрэлзээсэй…" хэмээжээ.