МАН-ын Удирдах зөвлөлийн 32 гишүүн өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдыг тодруулах Бага хурлын товийг тогтоосон бөгөөд ирэх даваа гарагт хуралдаанаа хийхээр товлосон. МАН-ын бүлэглэл, фракциуд дотооддоо хүнээ эцэслэн тохирсон бөгөөд 70-аад оны төлөөлөл Ерөнхий сайд болж, 80 оны төлөөлөл ЗГХЭГ-ыг удирдах тохироо хийгдсэн гэх мэдээлэл байна.
Тэгвэл Удирдах зөвлөлийн 32 гишүүний нэг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дурандаа сайд болох гээд гүйлдээд байна. Фэйсбүүк дээр өөрийнхөө нэрийг тавиулчихсан. Төрийн албаны шат дамжлагыг туулсан, туршлагатай, улс төрийн хат суусан, ноён нуруутай, шуналгүй хүн байгаасай. Хүлээн зөвшөөрөгдөх гэдэг цаг хугацаа шаарддаг.
Ерөнхий сайд болох хүн гээд бичээд байгааг харахаар нүүр улайх юм. Ард түмнийхээ сэтгэл зүрхийг онгойлгосон, найдвар тээсэн тийм хүн байгаасай” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол дараагийн Засгийн газарт орж ажиллана хэмээж байсан Ч.Хүрэлбаатар “Тийм бодол байхгүй” хэмээн мэдэгджээ. Удирдах зөвлөлийн хуралдаан одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд хоёр асуудал хэлэлцэж байгаа аж.