Дэлгэр зуны цагаар бүтэн 10 гаруй хоног амарцгааж аймаг, сум, дүүргийнхээ ойг тойрч найрласан монголчууд намрын их ажилдаа ханцуй шамлан ороод байна. Хүүхэд нялхас маань сургуульдаа бэлтгэж, ээж аавуудынх нь амралт дуусаж, өвлийн бэлтгэлээ базаахаар идэвхтэй амьдралдаа орсон завгүй өдрүүд хаяанд иржээ.
Энэ жишгээр улс, хот, дүүргийг удирдаж суугаа эрхмүүд ч энэ өдрүүдэд хотоо, дүүргээ, улс орноо эргэж тойрч, ирэх өвлийн бэлтгэл хэрхэн хийгдэж буй талаар танилцаж, өөрсдөө очиж нүдээр үзэн, гараар барьж завгүй ажиллаж буйг та бид харж байна.
УИХ-ын чуулган ердөө сарын дараа хуралдах учраас Монгол Улсын Ерөнхий сайд нь 2026 оны улсын төсвөө хэлэлцүүлэх амаргүй ажилдаа гарч, нийт иргэдээрээ хэлэлцүүлэхээр санал авч эхлэв. Ажлын хэдхэн өдөрт “И Монголиа” системээр гэхэд л 188 мянган иргэн төсөвт санал өгч, Засгийн газрын “11 11” төв хийгээд яам болгон дээр салбар бүрээрээ төсвөө хэлэлцэж, санал бодлоо уралдуулж байгаа.
Хотыг удирдаж суугаа дарга, удирдлагууд нь харин хичээлийн шинэ жил эхлэхэд сургууль, цэцэрлэгийн завсар дууссан байх уу, наадмын дараах өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан уу, ирэх жил нийслэлчүүд маань утааны асуудлаа шийдэж чадах уу, ямар түлш түлэх вэ, эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд хийх ажил юу байх вэ гэсэн асуудлуудаас гадна хичээлийн шинэ жилтэй хамт “айлсаж” ирэх их түгжрэлээс урьтаж автозам засварын ажлаа дуусгахаар хичээж буйг өдөр бүхэн хааж, засварлаж, өглөө бүхэн шинээр нээгдэж буй зам засварын ажлаас та бид ажиглаж буй биз ээ.
Нийслэл хотын бэрхшээл бүрийг нэг өглөө босоод шийдэж чадахгүй ч гэлээ нэг нэгээр нь, алхам алхмаар нь хийж буй энэхүү томоохон ажлуудыг нэг дарга, ажилтан ганцаараа хийж чадахгүй нь үнэн. Харин багаараа, хамтаараа, бөөндөө нэгдэж нягтран хийж чадах нь хамгийн чухал байдаг. Тиймдээ ч Хотын даргынхаа ажилд дүүргийн удирдлагууд нь дэм өгч, дүүргийн Засаг даргынхаа ажилд харьяа байгууллагуудынх нь ажилтнууд нэгдмэл оролцож байж л ажил үр дүнтэй, гүйцэтгэл өндөртэй, хамгийн чухал нь хугацаандаа ашиглалтад ордог жамтай. Тэр жишгийг яг таг баримтлан, хоттойгоо хамгийн ойр ажиллаж буй онцлох дүүргийн нэг нь бол Баянгол дүүрэг юм.
Ирэх аравдугаар сард түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэх нөр их ажилтай буй тус дүүрэг өнөө жил мэдэгдэхүйц өнгө нэмж, өдөр бүхэн бүтээн байгуулалт өрнөж, нүдэнд харагдаж гарт баригдахуйц ажил хийгдэж буйг уншигч та юу эс андах. “Өөдлөх айлын өнгө үүднээсээ” гэдэгчлэн өдрөөс өдөрт өнгөө нэмж, түүхт ойгоо нүдэнд харагдаж, гарт баригдахуйц түүхэн ажлуудаар угтах төлөвлөгөө гаргаад буй Баянгол дүүрэгт энэ жил хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг сурвалжлахаар манай сурвалжлах баг тус дүүргийг зорин очлоо.
Биднийг очиход Дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар эзгүй байв. Тэрбээр, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас өгсөн үүрэг, даалгаврын дагуу зөвшөөрөлгүй хийгээд өнгө үзэмжгүй болсон ТҮЦ-үүдийг нүүлгэх ажилд өөрөө гар бие оролцож, иргэдтэйгээ учир байдлаа ярилцахаар явсан байсан бөгөөд найман байршилд хууль зөрчиж дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг хийлцээд завгүй яваагаа дуулгав.
Баянгол дүүргийн хэмжээнд 340 гаруй стандартгүй ТҮЦ байрлаж байжээ. Хэдийгээр иргэдийн амьжиргааны эх үүсвэр хэмээн өмгөөлж болох ч их хотын өнгө үзэмжийг гутаасан, стандартгүй, зориулалтын бие засах орчингүй, хугацаа дууссан болон хадгалалтын горим алдагдсан бараа бүтээгдэхүүн борлуулж буй ийм газруудаасаа хүссэн ч эс хүссэн ч салах цаг нь хэдийнэ болсон.
Тиймээс нийтийн эрх ашгийн төлөөх нөхцөл байдлыг ойлгож, ухаараад өөрсдөө нүүчихдэг, үйлчилгээгээ зогсоочихдог ухамсартай нэгэн байхад шаардлага тавьж буй алба хаагчийг хэл амаар доромжилдог, зодож нүддэг, зөөхөөр эргээд нүүж ирдэг бэрхшээл ч тус дүүргийг тойрсонгүй. Дүүргийн ажилчид энэ бүхнийг давж туулан өнгөрсөн дөрөвдүгээр сард 293 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн ч 18 иргэн дахин нүүж ирж, зөвшөөрөлгүй газар ТҮЦ-ээ байрлуулжээ. Тэдэнтэй ойлголцож, учир зүйгээ олохоор дүүргийн Засаг дарга өөрөө тухайн байршлууд руу явсан байх үед бид очсон хэрэг аж.
Гэсэн ч өмнө хэлсэнчлэн дүүргийн ажлыг ганцхан Засаг дарга мэддэг хэрэг биш. Эрхэлсэн ажлаа мэддэг хэлтэс, албадын дарга нар нь өнөө жил хийгээд ирэх жилүүдэд ямар бүтээн байгуулалт хийгдэх талаар бидний сонирхсон асуултад нэгбүрчлэн хариулт өглөө.
“Баянголчуудын хөгжилд зарцуулагдах 200 тэрбумын төсвөөр юу хийж байна вэ”
Баянгол дүүргийн иргэн бүхний сонирхож буй энэ асуултад бид эхлээд хариулт хүсэв. Тэгвэл тус дүүргийн Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхцэнгэл хариулт өгөхдөө “Баянгол дүүрэг маань өнөө жил улс, нийслэл, дүүргийн 200 орчим тэрбум төгрөгөөр зам талбайн тохижилт, сургууль цэцэрлэгийн засвар, барилга байгууламжийн засварын ажлыг хийж эхлээд байгаа. Зургаан цэцэрлэг, дөрвөн сургууль шинээр ашиглалтад оруулна.
Зургаан цэцэрлэг нь 800 ороор, сургууль нь 2240 хүүхдийн суудлаар нэмэгдсэн гэсэн үг. Мөн барилгын нэг давхарт үйл ажиллагаа явуулж байсан 18 дугаар хороог орчин үеийн өрхийн эмнэлэг бүхий стандартад нийцсэн барилгатай болгож, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулна” гэсэн хариулт өгөв.
Ойг угтсан ажлууд энэ зунжингаа үргэлжилж, өдгөө ихэнх ажлууд 70 гаруй хувьтай болсон бөгөөд ирэх аравдугаар сарын эхэн гэхэд бүх төлөвлөсөн ажлуудаа хийгээд дуусгачихна хэмээн хариуцсан албан тушаалтнууд нь долоо хоног бүр болдог дүүргийн алба хаагчдын “Шуурхай хуралдаан”-ы үеэр амлалт өгчээ. Тиймээс иргэдийг зам засвар хийгээд бусад бүтээн байгуултын ажилд хүлээцтэй хандаж буйд талархлаа илэрхийлээд энэ зун хийгдсэн онцлох ажлуудаасаа бидэнд танилцуулав.
Баянгол дүүрэг өнөө жил,
-Нарны хорооллоос төмөр зам дээгүүр гараад Нарны зам руу орсон гүүрэн байгууламжийг ашиглалтад оруулсан
-21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах стандартад нийцээгүй нэгхэн машин явдаг гүүрэн байгууламжийг шинэчилж, зөрж өнгөрөх замтай болгон өргөтгөх ажлыг энэ долоо хоногт эхлүүлсэн
-Нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг шинэчилсний 21 нь дүүргийн төсвөөр, 10 нь нийслэлийн төсвөөр хийсэн
-Найман хорооны 13 байрны гадна дулаалгыг хийж гүйцэтгэж, 70 хувьтай ажил явж байгаа
-Найман байрны цахилгаан шат, 18 хорооны 24 байршилд тоглоомын талбайн шинэчлэл хийгдсэн. Стандартад нийцээгүй хөлбөмбөгийн талбайг шинэчлэх ажил эхэлж, зүлгээ захиалсан.
-Нийтдээ 21 сургууль, 41 цэцэрлэгийн завсар, үйлчилгээг ойгоо угтан хийхээр төлөвлөж, 52 ажил хийх төлөвлөгөө гаргаснаар ажил нь 75 хувийн гүйцэтгэлтэй явж буй
-Боловсролын салбарт сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг эхлүүлж, 41 цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүнийг 100 хувь шинэчилсэн амжилтаар наймдугаар сарыг талдаа оруулжээ. Энэ ажил цаашдаа тасралтгүй хийгдсэнээр бүх төлөвлөсөн ажлуудаа дуусгаад өвлийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орно гэдгээ Г.Энхцэнгэл дарга хэлж байлаа.
18 байршилд 600 орчим автомашины ил зогсоол байгуулжээ
Иргэд олон нийтийг бухимдуулсан ч өглөө бүхэн өнгө нэмж буй автозамын шинэчлэлийн ажил ч хамгийн их хийгдсэн дүүрэг бол Баянгол. “Жил бүхэн гурав, дөрөвдүгээр хорооллын голын замыг ухаж байна. Юугаа хайж, шиншилдэг юм бэ” гэх шүүмжлэл ч тэднийг тойрдоггүй.
Тэгвэл өнөө жил дүүргийн хэмжээнд хийгдсэн зам завсарын бүтээн байгуулалтын ажлууд болон ажлын явцын талаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнээс тодруулав.
Тэрбээр, бидний асуултад “Дүүрэг маань автозамын салбарт олон бүтээн байгуулалт хийж, 13 гол болон туслах замыг шинэчиллээ. Мөн найман уулзварыг өргөтгөлөө. Нийтдээ 23.2 км үндсэн замын шинэчлэлийн ажлыг 70 гаруй хувьтай хийсэн байна. Хуучны угсармал хорооллууд дундах засвар шинэчлэлийн ажил орхигдсон байсныг энэ онд шинэчилж дуусахаар ажлаа эхлүүлсэн. Тухайлбал, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын өргөн чөлөөтэй холбох, Эрчим хүчний гудамжны зургаан км автозамын ажил, Энхтайвны өргөн чөлөөг өргөтгөн шинэчлэх, Ажилчны гудамж, Баруун үйлдвэрийн гудамж, 10 дугаар хорооллын туслах зам, Энхбаярын замыг өргөтгөн шинэчлэх ажил гэх мэт 23 байршлын шинэчлэл, засвар аравдугаар сар гэхэд дуусчихна” гэсэн хариулт өглөө.
Дүүргийн хэмжээнд 2025 онд хийгдсэн болон 2026 онд хийхээр төлөвлөсөн автозамын онцлох бүтээх байгуулалтаас дурдвал,
-Гэр хорооллын бүс рүү бага оврын нийтийн тээврийн трассуудыг татаж босоо чиглэлийн автозамуудыг шинээр хийнэ
-X хороолол, III, IV дүгээр хороолол, төмөр замын бүс орчмын замуудыг шинэчлэхээс гадна түгжрэл бууруулах шинэ зам, нүхэн болон гүүрэн гарцын шинэ зураг төслүүд хийгдэж дууссан
-Борооны ус зайлуулах шугам сүлжээний шинэчлэл дууссан. Энгельсийн өргөн чөлөө, Гандан, төмөр замын вокзал, Алтай, Голден парк хотхоны борооны ус зайлуулах 5000 метр шугам хоолойны ажил нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа. Гурван байршилд ажил дууссан, хоёр байршилд ажил нь 60 гаруй хувьтай
-Энхтайвны өргөн чөлөөний гол болон туслах зам дагасан явган хүний замын ажлаас найман байршлын ажил бүрэн дууссан
-Шинэчилсэн газруудаас эвдрэлгүй гарсан хавтангуудаар дахин төлөвлөлтийн болон гэр хорооллын бүс орчмоо шинэчилж, 40 орчим байршилд нөхөөс болон шинээр хавтан суурилуулах ажлыг хийгдсэн
-Хатанбаатар Магсаржавын гудамж, Нарны замын явган хүний замыг энэ ондоо багтааж шинэчлэх бол, ирэх жилийн төлөвлөгөөнд Хувьсгалчдын гудамж, Үндсэн хуулийн гудамж зэргийг дугуйн замтай нь хамт шинэчлэх ажлыг тусгажээ.
...Түүнчлэн, дүүргийн алба хаагчид хотын өнгө үзэмжийг гутааж байсан зөвшөөрөлгүй баригдсан 3300 орчим грашийг сүүлийн 4-5 жилийн хугацаанд буулгах ажлыг хийж, нийтдээ 189 байршилд автограшуудыг буулгаснаас өнөөдрийн байдлаар 120 байршилд автозогсоолын тохижилтын ажил бүрэн хийжээ. Иргэдийн зүгээс “Ногоон байгууламжтай, тоглоомын талбайтай байхаар шинэчлэл өөрчлөлт хий” гэдэг хүсэлт ирдэг учраас 2025 онд гэхэд 18 байршилд 600 орчим автомашины ил зогсоол байгуулахаар төлөвлөгөөгөө зурж, ажлын гүйцэтгэл 50 хувьтай явсан сайхан мэдээг бидэнд өглөө.
Эх нялхас, Гандан орчмын 872 айлыг дулаалах ажлыг эхлүүлнэ
Нийслэлээс агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд “Ногоон бүс”-ийг хийнэ хэмээн зарлаад багагүй хугацаа өнгөрч буй. Засгийн газраас бодлогоор бүрэн дэмжсэн энэхүү ажлын хүрээнд “Ногоон бүс”-эд орсон айл өрхүүд үе шаттайгаар цахилгаан болон хийн түлшинд шилжих учиртай юм.
Тэгвэл энэхүү ажлыг өнөө жил Чингэлтэй болон Баянгол дүүргээс эхлүүлсэн аж. Эх нялхас, Гандан орчмын хоёр хорооны 872 айл өрхийг дулаалах ажлыг эхний ээлжинд хийж, улмаар хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөснийг дүүргийн албан тушаалтнууд дуулгав. Эдгээр айл өрхийн 360 нь эсгий гэрт амьдарч байгаа учраас “Юнисеф” буюу НҮБ-ын Хүүхдийн сангийн 2019 оноос хойш хэрэгжиж буй “Чип” төсөлтэй хамтран дулаалах аяныг хэрэгжүүлэх бол амины орон сууц, байшингийн дээврийн хөндий, гадны хананы дулаалгыг галд шатдаггүй хөөсөнцөр хавтангаар дулаалахаар төлөвлөснөө тэд дуулгав.
Ирэх жилээс харин 8384 галлагаат айл өрхүүдэд чиглэсэн арга хэмжээг авна хэмээлээ. Нэг айлын дулаалгыг бүрэн шийдсэнээр дулаан алдагдал 40-50 хувь буурч, гарах хуурай хог хаягдлын хэмжээ ч буурна гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарчээ.
Хот, нийтийн байгууллагууд нь 2023 онд дүүргүүдэд шилжиж ирснээр 23 байгууллагын 500 гаруй ажилтан албан хаагч, 150 гаруй техник хэрэгсэлтэйгээр Баянгол дүүргийн иргэдийг ая тухтай амьдруулах ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй бөгөөд үүний гурав нь орон нутгийн өмчтэй бол 20 нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байдаг гэнэ.
Төр нь өөрөө хог хаягдал, шил лааз, цас, бороотой зууралдах бус эсрэгээрээ энэ мэт аж ахуйн ажлаа хувийн хэвшилд даатгаснаар цас цэвэрлэх, хайс угаах, ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоо зэрэгт дүүргийн удирдлагууд толгой өвдөхөө больж, эсрэгээрээ тэдний ажлын гүйцэтгэл, техникийн хүчин чадал, шинэчлэлийг бодлогоор шийдэж өгөх зэргээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгож чадсан сайн жишгийг мөн дуулгая. 79 гар буюу жижиг оврын техник, 60 гаруй томоохон тоног төхөөрөмжөөр долоон аж ахуйн нэгж зам талбайн цас, мөсний цэвэрлэгээнд гарахаар бэлтгэлээ бүрэн базаасныг баянголчуудадаа дуулгалаа. 1100 тонн давс, 590 тонн бодисыг нөөцөлчихөөд сууж байна, тэд.
Нөөцөө ч өнгөрсөн жилээс хоёр дахин нэмэгдүүлжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 60 гаруй хувьтай хангасан бөгөөд 8300 орчим гэрэлтүүлэгтэй болохоос гадна камержуулалтаа бүрэн шийдсэнээр хүн ам хамгийн их зорчдог гол бүсүүдээ “ногоон бүс” буюу аюулгүй бүс болгож, дүүргийн дэргэдэх Дэд төвөөс хянаж байгаа гээд түүхт 60 жилийн ойгоороо найрлаж наадамлаж хий дэмий мөнгө үрэх бус иргэдээ эрүүл, аюулгүй, стандарттай хотод амьдруулах ажилд зарцуулж буйгаа бидэнд дуулгав. "Өөдлөх айлын өнгө үүднээсээ" гэдэгчлэн хаа сайгүй ажил өрнөж, ЗДТГ нь хөл тавих зайгүй бужигнаж, Засаг дарга нь албан өрөөндөө бус амьдрал дунд "гүйж" буй дүүргээр хугасхан өдрөөр саатах зуур л ажлууд нь ар араасаа ундарч, дараагийн ажилдаа дуудагдсан дарга нар өндөлзсөөр биднийг үлдээгээд дараагийн ажил руугаа гарч одлоо.