УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн үү гэх асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл өглөө. Тэрбээр, Х.Булгантуяа Дэд дарга хамтын шийдвэрээр санал хураасан учраас эгүүлэн татагдах асуудал байхгүй, улс төрийн зорилгоор ашиглаж байна гэв.
Тэрбээр, “Дэгийн хууль маань яг хэвээрээ байгаа. Дэгийн хуулиа магадгүй Цэцэд өгөх ёстой байх. Бид углуургаар нь харахгүй юм. Цэцийн шийдвэр нэгэнт гарчихсан юм чинь яадаг юм гэж яриад зогсож байгаа. Хамтын шийдвэрийг баталгаажуулах хурлыг удирдсан хүн дангаараа хариуцлага хүлээнэ гэсэн асуудал байхгүй.
Байнгын хорооноос орж ирсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан. Хувь хүнээрээ санаатай үйлдэл огт хийгээгүй. Санал дүгнэлтийн дагуу Дэгийн хуулиар л санал хураалгасан асуудал шүү дээ. Дэгийн хуулиа тэгвэл шүүхэд өгөх ёстой шүү. Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа энэ дэгээр санал хурааж байсан тохиолдол байгаа.
Ямар үед гаргаж ирж ийм зүйл хийгээд байгааг ойлгохгүй байна. Хэт нэг талыг барьсан мэдээлэл яваад байгаа учраас мэдээлэл өгч байгаа юм шүү. Дэгийн тухай хуулиа та бүхэн харж үзээрэй. Дэгийн хуулиа цаашдаа зөв ойлгож цэгцлэхгүй бол улс төр халаад эхлэхээр хүнийг хэлмэгдүүлэх зүйл рүү явж байна шүү дээ. Улс төрийн хариуцлага хүлээж Х.Булгантуяа маань Дэд даргын ажлаа өгч байна” хэмээлээ.
 
                  
