ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 50 хувийг дотоодод бэлтгэжээ

O.Admin
6 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Дархан нэхий” ХК 1972 оноос үйл ажиллагаа явуулж буй арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр.

250 хүнийг ажлын байраар хангаж, нэхий дээл, гутал, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулж байна.

Итали, Испани, Тайланд улс руу хагас боловсруулсан үхэр, сарлагийн шир болон хонь, ямааны арьс экспортолдог. Жилд 300,000 ширхэг бодын шир боловсруулах,1,5 сая ширхэг богийн арьс боловсруулах, 500 мянган ширхэг савхин хувцас, 500 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 10 тэрбум төгрөгийн эргэлтийн, зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Ингэснээр хоёр толгойт автомат уллагааны машин суурилуулж, хүчин чадлаа нэмжээ.

Ерөнхийлөгчийн очсон “Хатан ивээл хайрхан” ХХК өдөрт “Хүннү мөр” брэндийн хавар, намар, хөдөлмөр хамгаалал, анчны гэсэн дөрвөн төрлийн 60-80 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай.

Хэрэгцээт түүхий эдийнхээ 85 хувийг орон нутгаасаа буюу “Дархан нэхий”, “Дархан минж” компаниас авч хамтран ажилладаг.

Тус компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 350 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн, 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч тоног төхөөрөмжөө шинэчилжээ. Зээлийн 60 хувьд нь Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргасан байна.

Ингэснээр хүчин чадал нь 50 хувиар нэмэгдэж, өдөрт 150 хос, сард 4,000 хос гутал үйлдвэрлэх боломжтой болжээ. 

Орон нутгийнхаа 16 хүнийг ажлын байраар ханган, орон сууц, автомашин авах зэргээр нийгмийн асуудлыг нь давхар шийдэж байгаа тухай захирал Б.Насанжаргал танилцууллаа.

Үндэсний үйлдвэрлэгчид жилд нэг сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр саяд хүргэх зорилт тавиад байгаа юм.