ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

O.Admin
1 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.06.11/-ийн үдээс хойших хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хуулийн төсөл батлагдсанаар Ашигт малтмалын орлогын шударга хуваарилалт бий болгох, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд тэгш хүртээх эрх зүйн боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч тайлбарлав.

Түүнчлэн, хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа, түүний зарчим, чухал ашигт малтмал, нөхөн сэргээлт, хаалт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, хуваарилалтын асуудлуудыг тусгажээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлуудыг тус тус хэлэлцэн санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.