ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Физикч Н.Тэгшбаяр нарын хамтын бүтээлд Төрийн шагнал олголоо

O.Admin
55 минутын өмнө

2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Монгол орны ундны усан дахь уран” нэгэн сэдэвт хамтын бүтээлд Төрийн шагнал олгож, бүтээлийн зохиогч эрдэмтдэд шагналыг гардууллаа.

Төрийн шагналд Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн Монгол Улсын гавьяат багш, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Цоохүү, Монгол Улсын Их Сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч, химийн ухааны доктор, профессор О.Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн паркийн гүйцэтгэх захирал, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын хамтын бүтээл ийнхүү төрийн дээд шагналаар үнэлэгдэв.

Физик, химийн чиглэлийн эрдэмтдийн баг 2012 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын 304 сум, 3 тосгоны гүний усны эх үүсвэрээс 1000 гаруй дээж цуглуулан судалж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд ундны усан дахь ураны агууламжийн тархалтын зураглалыг анх удаа боловсруулсан юм.

Мөн ундны усан дахь ураны агууламжийг физикийн хэмжилт болон гидрогеохимийн судалгаанд тулгуурлан үндэсний хэмжээнд иж бүрэн судалж, ундны усны цацрагийн хяналт-шинжилгээ, мониторингийн тогтолцооны шинжлэх ухааны үндэс суурийг бүрдүүлэн, хүн амын эрүүл мэнд, усны аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн хөгжилд өндөр ач холбогдолтой суурь судалгааг хэрэгжүүлжээ. Энэхүү бүтээл нь Монгол Улсад уран олборлолт, боловсруулалтын асуудал эрчимтэй яригдаж буй өнөө үед онцгой ач холбогдолтойд тооцогдож байна.

Судалгаагаар тогтоосон гүний ундны усан дахь ураны байгалийн суурь агууламжийн мэдээлэл нь олборлолтын өмнөх болон дараах өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр харьцуулан үнэлэх боломжийг бүрдүүлж, үндэсний хэмжээний ундны усны цацрагийн хяналт-шинжилгээ, мониторингийн тогтолцооны эхлэлийг тавьсан юм. Түүнчлэн уран олборлолтоос эхлээд шар нунтаг үйлдвэрлэх хүртэлх үйлдвэрлэлийн үйл ажиллагааны байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг цаашид бодит өгөгдөлд тулгуурлан үнэлэх шинжлэх ухааны суурь мэдээллийг бүрдүүлснээрээ онцлогтой. Дэлхийн олон орон ундны усны цацрагийн түвшнийг тогтмол тодорхойлж, урт хугацааны мониторингийн тогтолцоог хөгжүүлэн ашиглаж ирсэн.

Монгол Улсын хувьд “Монгол орны ундны усан дахь уран” хамтын бүтээл нь үндэсний хэмжээний суурь судалгааны чухал эхлэл болж, цаашдын мониторинг, эрсдэлийн үнэлгээ, төрийн бодлого боловсруулах, хүн амын эрүүл мэнд, усны аюулгүй байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хангах чухал суурийг тавьсан бүтээл хэмээн үнэлэгдэж байна. Энэхүү хамтын бүтээл нь Монгол Улсад ундны усны чанар, цацрагийн аюулгүй байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх тогтолцооны суурийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Төрийн шагналаар үнэлэгдсэн нь Монголын шинжлэх ухааны салбарын томоохон амжилтын нэг юм.