ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ОХУ эрчим хүчээ хязгаарласан гэдэг нь ташаа мэдээлэл гэв

O.Admin
1 цагийн өмнө

ОХУ-ын “Чадан” дэд станцаас нийлүүлж буй цахилгаан эрчим хүч 2026 оны долоодугаар сарын 5-ны 22.47 цагт тасарч, Баруун бүсийн эрчим хүчний систем хүчдэлгүй болсон. Энэ нь дээрх дэд станцад 110 кВ-ын агаарын шугамын утас тасарсантай холбоотой бөгөөд ОХУ-ын Кызыл хотоос засварын бригад ирж, гэмтлийг засварлахаар ажилласан.

Иймээс Дөргөний усан цахилгаан станцаас Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн төвийн онцгой хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасныг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас мэдээллээ. Засвар хийх хугацаанд хэрэглэгчдэд зар түгээж ажиллажээ.

Гэмтлийг шуурхай засварлахаар ажиллан 2026 оны долоодугаар сарын 6-ны 08.18 цагт Баруун бүсийн эрчим хүчний системийг “Чадан” дэд станцын агаарын шугамтай залгаж, 08.29 цагт хэвийн схемд орсон болно. Улмаар Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн төв болон сумд хүчдэлтэй болжээ. Олон нийтийн цахим сүлжээнд зарим эх сурвалж ОХУ-аас нийлүүлж буй цахилгаан эрчим хүчээ хязгаарласан гэж түгээсэн нь ташаа мэдээлэл болно хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ.