ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Дамдинням: Иргэд сандрах хэрэггүй 33 хоногийн шатахууны нөөцтэй байгаа

O.Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдсаны 100 дахь өдрөөр "100 чөлөөлөлт 100 өдөр" хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд хийж байна.

Энэ үеэр шатахууны нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сэтгүүлчийн асуултад хариулт өглөө. Тэрбээр "Манай Засгийн газрын 100 хоногийн мэдээллийг үзэж байгаа иргэддээ хэлэхэд тайван амгалан байх хэрэгтэй. Шатахууны нөөц хангалттай байгаа. ОХУ-ын байдал хүнд байгаа ч Засгийн газар идэвх санаачилгатай ажиллаж энэ оны дөрөвдүгээр сард УИХ-аар батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд ОХУ-аас шатахууныг төрөл бүрээр нь авч байгаа. Өнөөдөр хүртэл шатахуун хэвийн авч байгаа.

Нийлүүлэгч улсын дотоод нөхцөл байдал туйлын хүнд байна. Гэсэн ч бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд шатахууны бэрхшээлийг даваад ирлээ. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон хямралын үед долоо хоногийн шатахууны нөөцтэй байсан. Өнөөдөр 33 хоногийн нөөцтэй байна. Нэмээд орж ирж байна. Долдугаар сард 47 мянган тонн АИ92, 1200 тонн АИ95, 88860 тонн түлш гээд нийт 137 мянган тонн бүтээгдэхүүн худалдан авахаар захиалаад гэрээгээ хийсэн.

Мөн БНХАУ-аас 71000 тонн бүтээгдэхүүн авахаар захиалга өгөөд байна. Долдугаар сарын 4-ний байдлаар АИ92 33, АИ95 44, түлш 27, онгоцны түлж 21 хоногийн нөөцтэй байна. Манай Засгийн газар шатахууны нөөцийн савтай болох бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Хамгийн багадаа 3 сарын нөөцөө хадгалдаг болно. Энэ ондоо багтаад 150 мянган метр кубын хэмжээтэй сав ашиглалтад оруулна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд сумдын наадам болсон. Тиймээс орон нутгийн хангалтаа хийсэн. Өнгөрсөн шөнө Улаанбаатарын бүх ШТС-уудыг цэнэглэсэн. Ердийн нөхцөлөөс 3-4 дахин ихээр авч байна. Нэг цэнэглээд гурав хонодог байсан ШТС өдөртөө дуусаж байна. Энэ нь бүтээгдэхүүн бага байгаадаа бус ихээр худалдаж аваад байгаатай холбоотой. Мушгин гуйвуулсан мэдээлэлд автаад бүгд оочирловол нөөц хурдан багасна. Гэхдээ сандрах түвшинд хүрээгүй. Энэ сарын 8,9-нд аймгийн наадмууд болж, улс даяараа хөдөө хотгүй амарна. Баяр наадмын өдрүүдээр шатахууны хэрэглээ хоёр дахин өсдөг тул бэлтгэлийг хангасан" гэдгийг мэдэгдлээ.