Баян-Өлгий аймгийн Бугат, Увс аймгийн Өмнөговь, Баянхонгор аймгийн Өлзийт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дорнод аймгийн Баянтүмэн суманд нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслүүд, Дундговь аймгийн Сайнцагаан суманд салхин цахилгаан станц төслийг тус тус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукционыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ярихдаа "Эрчим хүчний салбарт дахин нэг чухал шийдвэр гарлаа. Саяхан 5 байршилд сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалт буюу аукционыг амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 220 МВт-ын хүчин чадалтай нарны станц, батерей хураагуур барихаар ААН-үүд долдугаар сарын 01-нээс ажилдаа орлоо. Энэхүү сайн туршлагад үндэслэн дараагийн шатны аукцион зарлах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Тухайлбал, баруун аймгийн 3 байршил буюу Баян-Өлгий, Увс, Баянхонгор, зүүн аймагт Сүхбаатар, Дорнод, говийн бүсэд Цогтцэций, Ханбогд сум, Дорноговь аймгийн Мандах суманд аукцион зарлах шийдвэр гарлаа. Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 МВт-ын салхины цахилгаан станцын аукционыг мөн зохион байгуулна.
Монгол Улсын 330 сумын 134 нь хүчдэлийн дутагдалтай байгаа. Эдгээр сумдаас хамгийн эхэнд чанартай эрчим хүчтэй болох ёстой 22 суманд багцлан нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Байршлыг оновчтой тодорхойлох ажил эхэллээ. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээг шинэчлэн хийж байна. Энэ оны сүүлээр дүнг гаргана" гэсэн юм.
