ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

26,992 суралцагч хотхоны бага сургуульд суралцана

O.Admin
5 цагийн өмнө

Бага боловсролын нэгдүгээр ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлж, есдүгээр сарын 01-нээс үйл ажиллагаагаа шинээр эхлэх хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудад шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдавга нарт даалгалаа. 

“Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварыг хоцрогдлоос чөлөөлөх” цогц арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол 2026 оны тавдугаар сард батлагдаж, хэрэгжүүлж байна. Хүүхэд бүрийн сурлагын хоцрогдлыг арилгах гол гарц нь нэгдүгээрт, сургалтын сайн хөтөлбөр; хоёрдугаарт, чадварлаг багш; гуравдугаарт, гэрт нь ойрхон сургууль юм. Мөн хүүхэд бүрд ногдох төсөв санхүүжилтийг шийдэх, үнэлгээг хуурамч дүнгүй, бодитой болгох, хүүхэд бүрд цахимаар сурах боломжийг бүрдүүлэх нь энэхүү бодлогын цөм бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлнэ.

Монгол хүүхдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх Засгийн газрын бодлогын хүрээнд энэ хичээлийн жилд хэд, хэдэн онцлох шийдвэрүүд гаргалаа.

-Дэлхийн боловсролын чанарын PISA-гийн үнэлгээнд 2 дахь удаагаа хамрагдана.

-Өндөр ачаалалтай 38 сургуульд бүтцийн өөрчлөлт хийж “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” болгоно.

-Зарим байршилд цэцэрлэгийн хүүхдийн тоо буурсан учраас төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг “Хотхоны бага сургууль” болгож, ашиглана.

-Сургуулийн барилгын 2-3 давхар гэсэн стандартыг өөрчилж, дээшээ өргөтгөл нэмнэ.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 50 сургуулийг шинээр барих, өргөтгөнө. Хувийн хэвшлүүд сургууль барьж байгуулсны дараа төр түрээслэх зарчмаар ажиллана.

-50 хотхоны бага сургуульд 26 мянга хүүхэд хамрагдана. 15-20 “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулна. Лицей сургуулиудыг өргөтгөнө.

-Гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг дүүрэг бүрд 2, аймагт 1, сумдад барих ажлыг эхлүүлнэ.

-Хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл эхлүүлнэ. Хичээлийн тоог цөөрүүлж, хүүхдийн сонирхолд тулгуурлана.

-Цэцэрлэг болон 1,6,10 дугаар ангийн 270 гаруй мянган хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна.

-“Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээ хэрэгжиж эхэлнэ.

-Сургуулийн засварт ашиглаж буй будаг, материалд хяналт тавих, тендерийн зөрчил гаргасан 26 компанийг хар жагсаалтад оруулав.

-COP17 бага хуралтай холбогдуулан төвийн дүүргийн зарим сургуулийн хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэрийг пүрэв гарагт эцэслэнэ.

-Хүүхэд бүрийг сүүгээр хангах, сургуулиудыг “Амин ус” буюу цэвэр усны төхөөрөмжөөр хангах ажлуудыг тус, тус хийхээр шийдвэрлэлээ.